Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Сант” сургууль 22 дахь хичээлийн шинэ жилээ АМЖИЛТ ДҮҮРЭН угтлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Сант” сургууль 22 дахь хичээлийн шинэ жилээ амжилт дүүрэн угтлаа.

2017-2018 оны хичээлийн жилд “Сант” сургууль өмнөх амжилтуудаа бататган олон шинэ алдартнуудыг төрүүлсэн юм.

Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн багш сурагчид дүүрэг, хот, улсын олимпиадад Математик, Физик,  Хими, Монгол хэл, Газар зүйн хичээлээр бахархам олон амжилт гарган тэргүүлсэн бол өнгөрч буй зуны Химийн олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн сурагч Хас-Ананд хүрэл медаль,   Европын охидын олимпиадад сурагч Итгэл хүрэл медаль, Биологийн олон улсын олимпиадаас сурагч Хулан Монгол Улсын анхны мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт үзүүлээд байна.

Түүнчлэн 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтад “Сант” сургуулийн төгсөгч Б.Мандуул гурван хичээл дээр 800 оноо авсан зэрэг олон олон амжилт дүүрэн хичээлийн шинэ жилээ угтаж байна.

 

“Сант” сургуулийн Гүйцэтгэх захирал З.Энхмөнх есдүгээр сарын 1-нд болсон хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ““Сант” сургуулийн төгсөгчдийг гадаадын шилдэг их, дээд сургуульд амжилттай элсэхэд нөлөөлж буй олон улсын Advenced Placement хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэх ажлыг амжилттай хийж дуусгалаа. Мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жилээс эхэлж Хятад хэлний хичээлийг нэмж оруулахаар мэргэжлийн багш нараар багшлах хүчээ нэмэгдүүллээ” гэж байв.

Мөн тус сургууль орчин үеийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхийн тулд зургаадугаар ангийн сурагчдад Компьютер програмын хичээлийг заахдаа хүүхдүүдэд сурахад хялбар байдлаар буюу блок программын хөтөлбөрөөр орох юм байна. Мөн ахисан түвшний мэргэжлийнхэн ашигладаг пайтон програмын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

“Сант” сургуулийн сурагчдын хувьд төрөл бүрийн олимпиадад тэргүүлэхээс гадна урлаг, спортын олон амжилтын эзэнтэй. Тухайлбал, сурагч Энхгэгээ Таеквондогийн улсын аварга, сурагч Чинзориг даамны залуучуудын улсын аварга болжээ.

2018-2019 хичээлийн жилд “Сант” сургуулийн нэгдүгээр ангид 120 гаруй сурагч элсээд байна. Тус сургуулийн бага ангийн сурагчдын хувьд анги дүүргэлт дээд тал нь 26 сурагч байдаг бол анги тус бүр Монгол хэл, Математикийн төрөлжсөн тус бүр нэг нэг багштайгаар хичээллэдэг онцлогтой.

Мөн энэ хичээлийн жилд “Сант” сургууль шинэ зууны иргэнд академик боловсролоос гадна чухалд тооцогдох болсон амьдрах ухаан, хувь хүний зөв төлөвшил олгох EQ ур чадваруудыг суулгахаар хичээлийн хөтөлбөртөө нэмж оруулсан гэж З.Энхмөнх захирал нээлтийн үеэр эцэг, эхчүүдэд дуулгалаа.

"Сант" сургуулийн нээлтийн фото сурвалжлага, (Гэрэл зургууд дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.