Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын Сансрын Станцад гарсан нүхийг сансрын нисэгч хуруугаараа таглажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Оросын сансрын агентлаг Роскосмос, Европын Сансрын Агентлаг тойрог замд ажиллаж байгаа Олон Улсын Сансрын Станц (ОУСС) дээр цоорхой бий болж, агаар алдаж эхэлснийг илрүүлэн засварласан тухай мэдээлсэн юм.

Станцад битүүмжлэл алдагдсан тухай түгшүүр зарлагдахад тэнд ажиллаж байсан зургаан сансрын нисэгч даруй агаар алдагдаж байгаа цоорхойг олохоор ажиллаж эхэлжээ.

Улмаар сансрын хаягдал, солирын аль нэгний мөргөлтөөс үүссэн жижиг нүхийг олсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр сансрын нисэгчдийн нэг тэр жижиг цоорхойг хуруугаараа таглаж, энэ хооронд бусад нь нөхөх бэлтгэл хийж эхэлсэн гэнэ.

Эхний ээлжинд энгийн наалддаг туузаар нүхийг бөглөж, дараа нь илүү найдвартай аргаар бөглөх арга хэмжээ авчээ.

Сүүлд нисэгчдийн нэг Крис Хэдфилд станцад гарсан нүхний гэрэл зургийг интернэтээр илгээсэн юм. Уг нүхээр дотоод бүхээгний хүчилтөрөгч задгай сансар руу алдагдсан ч энэ нь аюул учруулах хэмжээнд байгаагүй, багийнхан дахин олон долоо хоног амьсгалах агаарын нөөцтэй хэвээр байгааг мэдээлжээ.

Манай дэлхийн тойрог замд хүний гараар бий болсон асар их хаягдал өндөр хурдтай нисэж байдаг. Тэдгээр нь хиймэл дагуул, сансрын станцтай мөргөлдөж, аюул учруулах эрсдэлтэйд тооцогддог юм.

Одоо NASA тэдгээрээс 23,000 орчим том хэмжээтэй хэлтэрхийн зам, хөдөлгөөнийг байнга хянаж байдаг ч цаана нь олон сая өчүүхэн хэлтэрхий сансрын уудамд аялсаар байгаа гэдэг.

 

Эх сурвалж: BGR news