Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Европчууд байнга зуны цагтай үлдэх санал гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны гишүүн орнууд жилд хоёр удаа арав, гуравдугаар сард цагаа шилжүүлж, өвөл, зуны цагт тохируулдаг.

Олон арван жил уламжлагдсан энэхүү цаг өөрчилдөг аргыг эцэс болгохыг тус холбооны иргэд сүүлийн жилүүдэд шаардах болсон юм. Тиймээс Европын Комисс гишүүн орнуудын олон нийтийн саналыг авах арга хэмжээг зохион байгуулж, урьдчилсан дүнг өчигдөр танилцуулжээ.

Комиссийн санал асуулгад Европын Холбооны бүх 28 гишүүн орны 4.6 сая иргэн оролцсон нь олон нийтийн саналыг сонсох арга хэмжээнд хамгийн олон хүн оролцсон тохиолдол гэнэ.

Тэдгээр иргэдийн 86 хувь нь зун, өвлийн цагт шилждэг уламжлалыг зогсоож, одоогийн зуны цагийг тогтмол хадгалж үлдээхийг дэмжсэн байна.

Тус холбооны 28 гишүүн орон өөр өөрийн цагийн бүсийг сонгох эрхтэй ч өвөл, зуны цаг шилжилтийг Брюсселиэс нэгдсэн байдлаар зохицуулдаг юм. Одоо олон нийтийн санал болгосон хувилбарыг Европын парламент болон гишүүн улсуудын засгийн газар дэмжсэнээр хэрэгжих шатандаа орох ажээ.

Санал асуулгад оролцогсдын ихэнх нь цаг шилжүүлснээр хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлж, зам тээврийн осол нэмэгддэгээс гадна эрчим хүчний хэмнэлт гаргадаг гэх баталгаа байхгүй байгааг санал асуулгад илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg