Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад хариуцлага тооцож, сургуульд нь мэдэгдэл хүргүүлнэ"

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан "Хичээлийн шинэ жил эхлэх үеэр орон нутгаас нийслэлийг зорьсон хөл хөлдөлгөөн  ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх хандлагатай байна. 

Улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй бүртгүүлж, оруулж өгье хэмээн иргэдийг залилах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн оюутнуудыг үнэ төлбөргүйгээр оюутны байранд оруулж өгнө гээд залилсан хэрэг бас гараад байна. 

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд архидан согтуурч, эрүүлжүүлэгдэх зөрчил ихээр гардаг. Тиймээс энэ жилээс архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, сургуульд нь "Танай сургуулийн оюутан эсвэл сурагч архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байна. Дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүйн тулд сургууль дээрээ сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна уу" гэсэн агуулгатай албан мэдэгдэл хүргүүлнэ. 

Үйлчилгээний байгууллагуудад хандаж анхааруулахад 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаалж, энэ талаар иргэдээс гомдол мэдээлэл ирж баталгаажвал үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэлээ.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн,дэд хурандаа Б.Батзориг "Цагдаагийн байгууллагад олон шатлалт маркетинг, цахим сүлжээгээр луйвар, залилангийн хэргүүд ихээр гарах болсон. Энэ төрлийн гэмт хэрэгт 35,000 иргэн хохирч, 56.6 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байдаг. Энэ мөнгө нь зөвхөн тухайн сүлжээ бизнест элсэхэд төлсөн иргэдийн тоо бөгөөд бодит хохирол биш юм. Үүнээс гадна өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн нийт 19 гэмт хэрэг шалгагдаж байна. Энэ гэмт хэрэгт нийт 17,000 орчим иргэн элсэн бүртгүүлсэн, 39 иргэн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа ба хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна" гэсэн мэдээллийг өглөө.