Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим төлбөрийн картыг хэрхэн авах вэ?

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-ийн оюутнуудад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг хэрхэн олгох, сунгах талаар холбогдох байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим төлбөрийн картыг шинээр болон давтан захиалах оюутны хүсэлт, материалуудыг сургууль нь хураан авч нэгтгээд "Улаанбаатар смарт карт" компанид хүргүүлэх юм байна. 

Оюутнуудын сургуульдаа бүрдүүлж өгөх материалын жагсаалт,

Анх удаа/Их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-д шинээр элсэгч/ захиалж байгаа бол:

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • 3,600 төгрөг төлсөн баримт

Сунгалт хийлгэх оюутнууд:

  • Өөрийн цахим төлбөрийн карт
  • Сунгалтын хураамж 1,000 төгрөгийг төлсөн баримт

Дахин/Картаа хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн буюу өмнөх жилүүдэд карт авч байсан/ захиалж байгаа бол:

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • 4,600 төгрөг төлсөн баримт
"Сургуулиуд хэдий чинээ эрт материалаа бүрдүүлж өгнө төдий чинээ оюутнуудынх нь карт эрт гарна"
 

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох "Нийслэлийн боловсролын газраас оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас гаргасан тоогоор  энэ хичээлийн жилд 84 их, дээд сургууль, коллежийн 108,970 оюутанд цахим төлбөрийн карт олгохоор хяналтын тоог баталсан.

Сургуулиуд хэдий чинээ эрт материалаа бүрдүүлж өгнө төдий чинээ оюутнуудынх нь карт эрт гарна" гэлээ.

Картын сунгалт болон шинээр олгох ажлыг зохион байгуулж буй Улаанбаатар смарт компанийн хувьд сургуулиуд шаардлагатай бүх материалаа өгчихвөл тухайн сургуулийн оюутны тооноос хамаараад ажлын 1-2 хоногт картыг нь буцаан олгох боломжтойг хэлж байгаа юм. 

Энэ талаар Улаанбаатар смарт компанийн үйл ажиллагааны менежер Б.Хонгорзул "Дэвшин суралцаж байгаа оюутнуудын картыг хүлээн авахад бэлэн болсон ч одоогоор сургуулиуд материалаа өгч эхлээгүй байна. Бидний зүгээс сунгалт хийх картуудыг хүлээн авч сунгаад буцаах ажлыг есдүгээр сарын 8-нд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа. Мөн өнгөрсөн жил цахим картаа үрэгдүүлсэн оюутнууд шинээр авах хүсэлтээ гаргаснаар есдүгээр сарын 10-ны дотор шинээр авах боломжтой. 

Олон сургуулиас зэрэг зэрэг хүсэлт өгч ачаалал нэмэгдэн, Улаанбаатар смарт карт газар дээр ачаалал үүсдэг. Тиймээс ачаалал ихтэй үед гэрээт ажилтан авч ажиллуулахаар болоод байна" гэлээ.

Шинээр авсан болон сунгалт хийлгэсэн цахим картаа хаяж, үрэгдүүлсэн, гэмтээсэн оюутнууд  есдүгээр сарын 10-наас хойш Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт хандаж картаа дахин авах боломж бүрдэх юм байна.