Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Шатахууны үнийг төрөөс зохицуулж байхад ШӨХТГ компаниудыг үгсэн хуйвалдаж байна гэж үзэх үндэслэлгүй"

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шатахууны үнийн өсөлтийн талаар иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлсээр байгаа аж. 2016 онтой харьцуулахад АИ-92 литр нь 1,860 төгрөг болж 21 хувь, дизель түлш 2,200 болж 34 хувиөр өссөн бол өнөө өглөө дахин 30-50 төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү гадна зах зээл дээрх газрын тосны ханшийн өсөлтгүй, импортын татварыг тэглэсэн үед шатахууны үнэ буурах биш өсөж байгаа нь иргэдийг хохироож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлсөөр байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасанчлан Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны бүтээгдэхүүний талаарх бодлогыг хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчдын нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах бүрэн эрхтэйгээс гадна дэргэдээ газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораторитой байдаг. Иймд чиг үүргийнхээ дагуу өөрийн лабораториор жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд шинжилгээ, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоож өгөх хүсэлтийг өнгөрсөн сарын 23-нд ШӨХТГ албан бичгээр АМГТГ-т хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Тус газар Монголд худалдаалж байгаа шатахуун чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар мэдээлнэ гэж найдаж байна. 

Үнийн хувьд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан Үнэ тогтворжуулах зөвлөл мөн мэдээлэл хийх байх. Засгийн газраас шатахууны үнийг бодлогороо зохицуулах гээд ажиллаж байхад ШӨХТГ компаниудыг үгсэн хуйвалдаж байна гэж үзэх үндэслэлгүй. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар бид зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг хянаж, зөвшөөрөл олгодог” гэлээ.

ШӨХТГ 2018 онд шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хоёр удаа шалгалт хийж, 10 компанийн 73 ШТС-ыг хянажээ. Улмаар 10 ААН-д 55 сая төгрөгийн шийтгэл оногдуулснаас тав нь торгуулиа төлсөн бол “Содмонгол групп”. “Шунхлай”, “Тэс петролиум”, “Ойн бирж”, “Жэй Эм Ойл” компани торгуулиа төлөөгүй бөгөөд шүүхэд ханджээ.