Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ руу аялалд явуулна" гэсэн зарын дагуу бүртгүүлж 150 сая төгрөгөө залилуулжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Солонгос улсыг зорих гэсэн иргэд 150 сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хохирогч иргэд "Бид Долгорсүрэн овогтой Саран гэх хүнд залилуулсан. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр интернэтэд тавигдсан "БНСУ руу явах групп аялалд хүмүүс бүртгэж байна" гэсэн зарын дагуу энэ хүнтэй анх очиж уулзсан. Энэ нь Сүхбаатар дүүрэгт байрлах Хоймор төвийн 405 тоотод байрладаг компани байсан. 

Очоод уулзахад "Манайх маш туршлагатай, толгой компаниасаа салбарлаж гарч байгаа. Өмнө нь олон хүнийг Солонгос руу групп аяллаар явуулж байсан. Эхний ээлжийн групп аяллыг нэгдүгээр сард хийсэн. Та бүхэн зургаадугаар сарын 5-нд явах хоёрдугаар ээлжийн хүмүүс. Та бүхэнтэй цуг манай захирлын охин хэлмэрч хийж цуг явна. Үйлчилгээний хөлс 6 сая төгрөг, урьдчилгаа болгож 3 саяыг нь дансаар авч, гэрээгээ нотариатаар баталгаажуулна" гэж бидэнд анх тайлбарлаж байсан. Ингээд бид тус компанид итгэж эхний ээлжинд 25 хүн мөнгөө хураалгаж, нотариатаар орж баталгаажуулсан. Мөн энэ үед зургаадугаар сарын 15-нд явах багийг бүрдүүлж байна гэж дахин хүмүүс бүртгэж эхэлсэн. 

Яагаад эхний хүмүүсээ явуулаагүй байж, дахин бүртгэл эхлэв гэхэд "Бидний материалыг бүрдүүлээд элчинд өгчихсөн. Элчин дээр таньдаг хүнтэй учир маш найдвартай" гэсэн тайлбарыг хийж байсан. Ингээд явах ёстой байсан зургаадугаар сарын 5-нд бид дахин тус компани дээр очиход  хоёр оффисын ажилтан нь "Элчин солигдсон тул удааширч байгаа. Энэ удаагийн виз гаралт их хойшлогдоно. Эцсийн хугацаа долоодугаар сарын 5 хүртэл хүлээгээрэй" гэсэн хариулт өгсөн.

Долоодугаар сарын 5-ндаа бид дахин очиход захирал Д.Саран гэдэг хүн нь ор сураггүй алга болсон. Бид юу ч мэдэхгүй байна гэсэн хариултыг хоёр оффисын ажилтан нь өгсөн. Бид долоодугаар сарын 8-нд бүгд цуглаж Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст гомдол өргөдөл өгөхөд "Наадам болох гэж буй учир та бүхний гомдлыг наадмын дараа авна" гэсэн хариу өгч байсан юм. 

Ингээд энэ компанийн хоёр ажилтнаас Д.Саран гэгчийн регистрийн дугаарыг аваад Google-с хайж үзэхэд "2003 онд ч мөн залилан хийж байсан, 2012 онд 13 жилийн хорих ял авсан" хүн байсан. Мөн бид Д.Сарангийн дүүгийн гэрийн хаягийг заалган очиж уулзахад "Би өөрөө ч гомдолтой байгаа. 2018 оны гуравдугаар сард батлан даалтаар сулласан. Тэгээд сураггүй алга болсон" гэж хэлсэн. Компанийнх нь талаар бид судалж үзэхэд дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдсан компани байсан. 

Тэгэхээр энэ хүн гуравдугаар сард батлан даалтаар суллагдаад, дөрөвдүгээр сард компани байгуулаад хоёр ээлжийн 50 хүнээс 3 сая төгрөг авсан гэхээр нийт 150 сая төгрөгийн залилан хийгээд ор сураггүй зугтаачихсан байна. 

Бид шүүх хяналтын байгууллагуудад гомдолтой байна. Хорихоос гарчхаад хараа хяналтанд байх ёстой хүн гадуур сул чөлөөтэй, компани хүртэл байгуулаад залилан хийгээд яваад байгаад бид маш их гомдолтой байна. Мөн цаашид иргэд сонор сэрэмжтэй байж, зуучлуулах компаниа сайн судалж байхыг анхааруулж байна. Хууль хяналтын байгууллагууд энэ хүмүүсийг хараа хяналтад авахыг хүсэж байна" гэв.