Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн алба түшмэдийн алба болохгүй бол Монгол сүйрэх нь ээ

Ж.Баяр, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих учиртай. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Төрийн албанд мерит зарчим баримталж байна гээд дөрвөн жил ажилласан нь албан тушаал ахиж байгаа нь буруу. Гадаадад сургууль төгсөөд ирсэн мэргэжилтнүүдээ дөрвөн жил ажиллуулж байж албан тушаал дэвшүүлэх болох нь”, “МАН-ынхан төрийн албанд томилсон өөрийн хүмүүсээ баталгаажууллаа” гэх зэргээр шүүмжилж байлаа.

Тухайн үедээ эдгээр эсэргүүцэл үнэн мэт сонсогдож байсан. Харин сүүлд Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон эмгэнэлт явдал төрийн албаны хуулийг өөрчилсөн нь зөв гэдгийг баталлаа. Төрийн албаны хууль мерит зарчмаар буюу шатлан ахих замаар явах нь зөв юм байна. Ингэж байж төрөөр тоглодог, түүнд орсон залуусын амьдралыг баллуурдаг байдал дуусах нь.

УИХ-ын гишүүдийн ширээн дээр тэвхийтэл хураалттай байдаг олон өргөдөл, хүсэлтийн дийлэнх нь хууль давсан гуйлтууд байдаг гэдэг. Их сургуульд тэнцээгүй хүүхдээ улсын их, дээд сургуульд оруулах гэсэн, сонгуульд ах, дүүсээрээ санал өгсөн учраас ажилд оруулж өгөхийг гуйсан бичиг, цаас дийлэнх нь. Бүр тендер нэхсэн, юуны ч юм төсөлд, мөнгө олж өгөхийг шаардсан бичиг ч зөндөө.

Тийм болохоор Засгийн газар хэрхэн бүрэлдэх, түүнд яаж оролцох нь УИХ-ын гишүүдийн санааг хамгийн зовоосон асуудал байдаг биз ээ. Чуулганы хуралдааныг тасалдгаараа зартай гишүүд Засгийн газар огцрох, байгуулагдах үеэр ирээд суучихсан харагддаг нь ийм учиртай. Тэгээд нам, эвсэл, бүлэг, фракц, жигүүр бүхэн албан тушаалын төлөө үхэлдэж, яам тамга, агентлагаа хувааж аваад “өөрийн хүмүүсийг чихэх” ажилдаа орцгооно. Тэд нь ажлаа аваад мөн л доод албан тушаалууддаа дээрээс санал болгосон хүмүүсийг оруулах үүрэг хүлээдэг. Ийнхүү төрийн алба дээрээсээ эхлээд ердийн үйлчлэгч, жижүүр хүртлээ завхардаг.

Өмнөх Засгийн газрыг огцруулахад оройлон оролцсон хүмүүсийг эргээд санацгаая л даа. Хэн нь хаана өөрийнхөө дотночилдог итгэлтэй хүнийг шургуулсан, ах дүүгээ ажилтай болгосныг захын хүн хуруу дараад л тоолох байх. Төрийн албаны ургийн модыг нь зурчихсан албан тушаалтны зураг нийгмийн сүлжээнд өчнөөн явж байгаа. Дан ганц яам, агентлаг биш аймаг, дүүргийн харьяа байгууллагууд яг ийм зарчмаар багаа бүрдүүлдэг.

УИХ-ын гишүүдийн ширээн дээр тэвхийтэл хураалттай байдаг олон өргөдөл, хүсэлтийн дийлэнх нь хууль давсан гуйлтууд байдаг гэдэг.

Төгссөн сургуулийн гоё сайн, тухайн хүний ур чадвар биш харин хэний сонгуульд хаана ажилласан, ямар ах дүүтэйгээрээ эрэмбэлэгддэг. Ийм байдал нь сонгуулиар эсвэл Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан дараагийн ажил авсан хүмүүсийн байгууллагадаа “их цэвэрлэгээ” хийх шалтаг болж байгаа. Нэг нам дангаараа ялалт байгуулсан ч ийм төрлийн тэмцэл арилдаггүй.

Өнөөгийн УИХ дахь МАН-ын гишүүд хоёр хуваагдчихаад байгаа нь шинэ юм биш. Үүний өмнөх парламентад АН-ын байгуулсан Засгийн газар ч огцорч байлаа. Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байгаад дараагийн Засгийн газарт мөн л тус намын гишүүн Л.Пүрэвсүрэн ажлыг нь хүлээж авсан. Ингэхдээ нэг дор Консулын газрыг нь даргаас нь мэргэжилтэн хүртэл бараг толгой дараалан халсан мэдээлэл гарч байсан. Өмнөх сайдынхаа хүмүүсийг цэвэрлэж байгаа царай нь тэр. Монгол Улсын гадаад бодлогыг харж манаж, иргэдээ хамгаалж өмгөөлөх учиртай байгууллагад л ийм явдал гарч, ажил нь доголдож байсан нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байна.

Саяны Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон явдал бол үүний адил зүйл. Өмнөх Засгийн газрын томилсон итгэл даахгүй гэж үзсэн хүмүүсээ зайлуулах гэж дээрээсээ доошоо үүрэгдсээр ийм байдалд хүргэж байгаа юм. Удирдлагын арга барилаа манай тал, дайсны тал гэдэг байдлаар сонгосны эмгэнэлт үр дүн. Нэгэнт төрийн алба гэдэг дарга солигдоход дагаад халагддаг үүлэн чөлөөний нар шиг ажил болсон тул тэнд хулгай завхрал, хууль давсан шийдвэр, архидан согтуурах, ажил унагасан залхуурал байдаг юм аа. Зэрэгцээд иргэдийн төрд итгэх итгэл алдуурч дууслаа. Эрх баригчдын “Намын рейтинг муу байна” гээд байдаг нь энэ гажиг тогтолцоотой холбоотой.

Тийм ч бодохоор дөрвөн жил тутам эрх баригчдаа иргэд нь ээлжлэн сольсоор ирсэн юм. УИХ-ын гишүүдийн суудалдаа дархлагдах хүсэл тэднийг лусын хаан биш хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэдгээ иргэдэд ойлгуулахад садаа болдог. Ийм байдлаар өнгөрсөн 20 гаруй жил явлаа. Үр дүнд авлига хээл хахуульд идэгдсэн, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг төрийн тогтолцоотой үлдлээ. Төрийн албанд ирсэн шинэ дарга байгууллагаа цэвэрлэчхээд өмнөх даргын “но”-г илрүүлэх ажилдаа шамддаг.

Харамсалтай нь энэ бүхний дараа жинхэнэ ажилдаа орох гэтэл өмнө нь ямар ажил эхлээд хэр урагшилсныг нь хэлээд егөх хүн үлдээгүй байдаг юм. Харин сүүлийн жилүүдэд байгууллагаар нь халдаг байдал жаахан арилж ганц нэг хүн үлдээж мэдэхгүй зүйл гарвал “байцаадаг” болсон юм билээ.

Тийм болохоор Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөд орсон “Бүтцийн өөрчлөлтөөр төрийн албан хаагчийг хоморголон халж яам, агентлаг, аймаг сумын албадын нэрийг өөрчилдгийг зогсооно” гэснийг дэмжээд байгаа юм. Өнгөрсөн зун л гэхэд Улсын бүртгэлийн газрын  Гадаад паспортын хэлтсийг нийслэлд шилжүүлэх нэрээр албан хаагчдыг нь халж сольсон байна лээ. Явж явж ганц хэлтсийн даргын албан тушаалыг л өөрийн талд авахын тулд шүү дээ. Ер нь он гарсаар УИХ агентлаг байгуулах тухай зургаан ч тогтоол гаргачхаад байгаа. Зарим агентлагийг салгаж байна. Хамгийн сүүлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан агентлаг байгуулахаар яригдаад эхэллээ. Даргын суудал дутаад байгаагийн л илрэл.

Мөн Төрийн албаны тухай шинэ хуульд хэн нэгэнд зориулж ажлын байрны тодорхойлолт гаргадгийг болиулахаар заалт оруулсан байна. Ажлын байрны тодорхойлолтыг тухайн байгууллагын албан тушаалтан биш Төрийн албаны зөвлөлөөс зургаан жилд нэг удаа гаргадаг байхаар хуульчилжээ. Түүнчлэн төрийн албаны бүх төвшинд сул орон тоо бүр дээр шалгалт авахаар оруулсан байна. Хамгийн гол нь удирдах албан тушаалтан буруу шийдвэр гаргасан бол түүнээс шалтгаалсан санхүүгийн хохирлыг тухайн албан тушаалтан хувиасаа төлж барагдуулахаар болгожээ. Тодруулбал, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тохиолдолд түүний цалин, нийгэм,  эрүүл мэндийн даатгалыг шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцна гэсэн үг.

Мөн өөр нэг хүлээлт үүсгээд байгаа зохицуулалт нь зэрэглэлийн дагуу дэвших юм. Төрийн захиргаа таваас зургаа, зургаагаас долоо, долоогоос найм гэх мэтээр төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу дэвшинэ. Өөр байдлаар буюу сонгуулийн дараа хэн нэгэн хүн төрийн захиргааны дээд ангилалд ажилд орохыг хориглосон. Энэ нь өнөөх шатлан дэвших тогтолцоо юм. Нэг үгээр төрийн албан тушаал тус бүрд тусгай шаардлага тавина гэсэн үг. Тухайлбал, яамны Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой. Найман жилд нь газрын даргаар ажилласан байна гэж хуульчилсан.

Энэ мэт хуулийн зүйл заалтуудыг үнэхээр мөрдөөд эхэлбэл төрийн алба хүчирхэгжинэ. Тэр хэрээр хүмүүс төрдөө итгэж, нам, УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын нөлөөлөл багасах юм. Магадгүй хуучнаа санагалзаад дараагийн парламент хуулиа, эргүүлээд өөрчилчхөж ч мэдэх л зүйл. Ер нь яг жинхэнэ төрийн албаны мэргэшсэн түшмэдийн үг их дутагдаж* байгаа шүү. Дээрээс нэг дарга томилогддог. Тэр нь нэг юм эхлүүлээд явдаг. Дараа нь өөр мэргэн хүн ирээд тэс өөр юм сэддэгээс болоод төрийн албан хаагчдын идэвх ч унасан байна. Манайд гадаадад сургууль төгсөөд ирсэн Монгол Улсынхаа орчин нөхцөлийг ч ойлгохгүй санаа дэвшүүлж явдаг хүмүүс ч олширлоо.

Тэд аль нэг даргад наалдаад өчнөөн дэмий ажил хийх нь бий. Нийслэл дээр Э.Бат-Үүл баатрыг хотын дарга байхад хэсэг залуус хотын дүрмийг орчуулсан байгаа юм. Хэдэн арван боть зүйл шүү дээ. Америкийн том хотуудын дүрэм гэсэн. Манайд бол хэрэглэх юм юу ч байхгүй. Орчуулж, судлахад нь бараг тэрбум төгрөг зарцуулсан тэдгээр боть хайран мөнгө болоод л агуулахад хэвтэж байгаа. Ингэж хөрөнгө, хүчийг үргүй зарцуулсан жишээ өчнөөн.

Мөн хувийн хэвшилд ажиллаж туршлага хуримтлуулсан компанийн захирлууд төрийн албанд орох нь ихэслээ. Намд хандив өгөөд яаж ч болдог болсны л илрэл. Тэдний олонхынх нь ажлын арга барил төрийн албыг иргэдэд үйлчлэх биш иргэдийн халаасыг сэгсрэх сэтгэхүйгээр явж байна. Одоо үүнийгээ он гараад хэрэгжиж эхлэх Төрийн албаны шинэ хуулиар өөрчлөх байх гэсэн хүлээлт байна. Үнэхээр өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар яам, тамгын газрууддаа хийсэн шалгалтаа хэлэлцэнэ гээд байгаа.

Сэйфэнд нь архи байна уу гэдгийг шалгахаас илүүтэй албан тушаалд хэн хэний даалгавраар оччихоод байгааг зоригтой илрүүлээд зарладаг бол гоё оо. Ийм сүржин шалгалтын оронд төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхлэхэд яг дагаад явах бэлтгэл хэр байгааг шалгавал зүгээр сэн. Хэдий болтол төрийн албаны зардал чирэгдэл төдийхөнтэй зууралдах вэ дээ. Төрийн алба түшмэдийн алба болж сонгодог утгаараа хөгжихгүй бол улс орон маань сүйрэх нь байна шүү.

Зураг