Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам дэлхийн болон Монгол Улсын дижитал эдийн засгийн талаар хэлэлцлээ

ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) ээлжит сар бүрийн уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Шангри Ла зочид буудалд болсон тус уулзалтын панел хэлэлцүүлэгт АНД Глобал, ЛэндМН компаниудын үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан, Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Золбоо, ICT Группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, АНУ-ын ЭСЯ-ны худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Гэрэгэ Системс компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат нар уригдан оролцож, “Монгол Улс ба дижитал эдийн засаг дахь боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ирсэн зочидтой санал бодлоо хуваалцлаа. Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид, гадаад улсын дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхсон асуултдаа хариулт авлаа.

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “АмЧам Монгол нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлыг эдийн засгийн бүхий л салбар дахь хүчирхэг, өрсөлдөх чадвар бүхий хувийн хэвшлийн үйл ажиллагаа, идэвхтэй оролцоогоор шийдвэрлэх боломжтой хэмээн үздэг. Тус бодлогын хүрээнд эдийн засгийн төрөлжүүлэлт, бүс болон олон улсын хэмжээний харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачлагыг дэмжин ажилладгийн хувьд АмЧам Монгол энэ сарын уулзалтаар дэлхийн болон Монгол Улсын дижитал эдийн засгийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна” гэв.

 

АНД Глобал, ЛэндМН компаниудын үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан Монгол улсын дижитал эдийн засгийн ирээдүйн талаар хэлэхдээ “Дижитал эдийн засаг ба түүний хэрэглэгдэхүүн технологи нь хүртээмжтэй, хот, хөдөө орон нутгийг бүхэлд нь хамруулсан байх нь чухал” гэдгийг чухалчлав.

 

Гэрэгэ Системс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат энэ салбарт үйл ажиллагаа явуулахад тулгардаг бэрхшээлүүдийн талаар саналаа хуваалцахдаа, “Эдийн засгийн оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагаа дутмаг байгаагаас үүдээд дижитал эдийн засагт гарах ахиц удааширч байгаа, гэхдээ энэ нь зогсонги байдалд орсон гэсэн үг биш юм” хэмээн дүгнэн хэллээ.

 

ICT Группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн дижитал эдийн засгийн ирээдүйн чиг хандлагын талаар, “Эдийн засгийн бүх л салбарууд дижитал шийдлүүд рүү хандаж байгаа энэ үед байгууллагууд бүгд үйл ажиллагаагаа хэрхэн цахимжуулах талаар төлөвлөх зайлшгүй шаардлагатай болоод байна” гэв.

 

АНУ-ын ЭСЯ-ны худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд Монгол улсын дижитал эдийн засаг хүчээ авахад хамгийн түрүүнд бат бөх суурь болох бодлого, зохицуулалтын орчин бүрдүүлэх нь нэн чухал хэмээн дүгнэсэн бол Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Золбоо нь манай улсын дижитал эдийн засагт цаашид ахиц гарахын тулд энэ салбарт хэдийнээ үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай гэлээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.