Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Наадмын усан санд Япон, Хятадын тамирчид эн тэнцүү өрсөлдөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Рикако Ике 3 алтан медальтай Азийн Наадмын усан сэлэлтийг тэргүүлж байна

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж байгаа Азийн Спортын Наадмын эхний хоёр өдөр зохиогдсон усанд сэлэлтийн 14 тэмцээний бүх алтан медалийг Япон, Хятадын тамирчид тэнцүү хувааж аваад байна.

Хятадын нэг номерын тамирчин Сүн Ян энэ наадмын чөлөөт сэлэлтийн бүх тэмцээний алтан медалийг хамах зорилготой ирсэн. Тодруулбал 200 метрээс 1,500 метр хүртэл таван төрлөөс 5 алтан медаль зүүх зорилготой байсан юм.

Тэр эхний өдрөө 200 метрийн төрөлд, хоёр дахь өдрөө 800 метрийн төрөлд алтан медаль зүүж чадсан байна. Гэвч 4x200 метрийн эрэгтэйчүүдийн буухиа тэмцээнд тэдний баг Японы ард орж, Сүн Яны төлөвлөгөө нуржээ. Буухиа уралдааны сүүлчийн ээлжинд тэр Японы Кацухиро Мацумотог гүйцээгүй юм.

Ийнхүү Сүн Ян нэг Азийн Наадмаас таван алтан медаль хүртсэн өөр гурван тамирчны амжилтыг давтах боломжгүй боллоо.

 
Эхний хоёр өдрийн дараа 2 алт, 1 мөнгөн медаль зүүсэн Сүн Ян

Токио 2020 Олимпийн наадамд Японы усан сэлэлтийн нүүр царай болно гэж үзэж байгаа 18 настай Рикако Ике өчигдөр хоёр алтан медаль дараалан зүүж, нийт алтан медалийн тоогоо 3 болгосон юм.

Тэрээр Ням гарагт 4x100 метрийн буухиад түрүүлсэн бол өчигдөр 50 метрийн эрвээхэй сэлэлтээр, 100 метрийн чөлөөт сэлэлтээр дараалан алтан медаль зүүжээ. 

Энэ удаагийн Азийн Наадмыг нийт 36 медальтай Хятад улс тэргүүлж, 30 медальтай Япон улс удаалж байна. Гуравдугаар байрт 24 медальтай Өмнөд Солонгос орж, эдгээр гурван улс тивдээ хол тасархай тэргүүлж байгаа юм.