Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Яамдад хийж байгаа шалгалтын үеэр ажлын байранд архидан согтуурсан зөрчил илрээгүй"

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг  шалгаж байна. 

Шалгалтад зөвхөн яам бус зарим агентлагийг хамруулж, төрийн албан хаагчдын ёс зүй, цаг ашиглалт болон бусад асуудлыг шалгаж байгаа аж.

Энэ үед ГХЯ-ны нэгэн дарга ажлын байран дээрээ архидан согтуурсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч У.Бямбасүрэнгээс тодруулахад "Шалгалтын үеэр ажлын байранд архидан согтуурсан тухай зөрчил илрээгүй. Илрүүлсэн зөрчлүүдээ маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэдгээр дунд ч архидан согтуурахтай холбоотой зөрчил байхгүй" гэлээ.

Шалгалтын үеэр зөрчил дутагдал гаргасан тохиолдлуудыг бүртгэхээс гадна тухайн ажлын байранд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүний тоог гаргаж байгааг тэрбээр хэллээ.

Төрийн алба хуулийнхаа дагуу сонгон шалгаруулалт явуулж тухайн албан тушаалд шаардлага хангасан хүн ажиллах ёстой бөгөөд ажлын хэсэг хүн хална гэхээсээ илүү хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Зайлшгүй ноцтой зөрчил дутагдал гаргасан хүмүүс байвал хариуцлага тооцох юм байна.