Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мадонна 60 нас хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Мадонна нэрээрээ дэлхий дахинд алдаршсан попын хатан хаан Мадонна Луйз Вероника Чикконе өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд 60 нас хүрчээ.

Итали гаралтай Мадоннаг Ромын Пап ламыг эс тооцвол энэ дэлхийн хамгийн алдартай католик шашинтан гэдэг.

Уран бүтээлүүд нь католик шашны билэгдлүүдийг задгай, сэкси хэлбэртэй хослуулсан байдгаараа онцлог.

Тухайлбал 2015-2016 онд хийсэн сүүлийн аялан тоглолт дээр нь түүний бүжигчид ил задгай хэлбэртэй гэлэнмаагийн өмсгөл өмсөж, загалмай хэлбэрийн баганатай харьцан бүжиглэж байв.

Мадонна 40 орчим жилийн карьерынхаа туршид нийт 13 цомог гаргаж, 69 видео клип хийлгэж, хоёр удаа гэрлэж, зургаан хүүхэд өсгөжээ.

Тэрээр Форбсын тооцоолсноор $590 саяын хөрөнгөтэй, өөрийн хүчээр баяжсан Америк эмэгтэйчүүдийн 36 дугаарт бичигддэг.

Сүүлд хийсэн аялан тоглолтынхоо концерт бүрээс дунджаар $3 саяыг олж байсан гэж Pollstar тооцоолсон нь бий.

Мадонна Грэммийн шагналд 28 удаа нэр дэвшиж, 7 шагнал хүртэж байжээ. Түүнд 10 саяас дээш хувь зарагдсан Даймонд цомог хоёр (Like a Virgin, The Immaculate Collection) ширхэг бий.

Одоо тэр урлагийн ажлаасаа хөндийрч, буяны үйлс хийж яваа. 2016 онд Мадонна Африкийн хамгийн ядуу улсуудын нэг Малавид хүүхдийн эмнэлэг байгуулах хандивын арга хэмжээг Майамид зохион байгуулж, $7.5 саяын хөрөнгө босгосон юм. Өнөөдөр түүний байгуулсан эмнэлэг нээгдсэн цагаасаа хойш 1,690 хүүхдэд мэс засал хийж, эмчилснийг саяхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Forbes, CNN