Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин маргааш Австрийн сайдын хуриманд зочилно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Владимир Путин, Карин Кнэйсл нар

ОХУ-ын ерөнхийлөгч маргааш буюу Бямба гарагт Австри улсын гадаад хэргийн сайдын хуриманд зочлохоор болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.

Владимир Путин маргааш Германы канцлерь Ангела Меркельтэй Берлинд уулзахаар явах замдаа Австрид саатаж, тус улсын гадаад хэргийн сайд Карин Кнэйслийн хуриманд оролцохоор болсон байна.

Энэ бол Путин гадаадын албаны хүний хувийн арга хэмжээнд оролцох урилгыг хүлээж авсан ховор тохиолдол юм. 53 настай сайд Кнэйсл маргааш бизнесмэн Вольфганг Мейлингертэй Австрийн хөдөө нутагт хуримлах ажээ.

Оросын албаны эх сурвалжийн мэдээлснээр Путиныг өнгөрсөн зургаадугаар сард Венад айлчлах үеэр Кнэйсл хуримын урилгаа гардуулж, ОХУ-ын ерөнхийлөгч урилгыг хүлээж авсан гэнэ.

Кнэйсл нь нам бус улс төрч бөгөөд Австрийн эвслийн засгийн газарт багтсан хэт барууны үзэлтэй Эрх Чөлөө нам түүнийг гадаад хэргийн сайдад нэр дэвшүүлж байжээ.

Тус нам Москвагийн эсрэг тавьсан Европын Холбооны хоригийг цуцлах байр суурьтай байдаг, Оросын эрх баригч Нэгдсэн Орос намтай хамтын ажиллагаатай гэгддэг.

Өнгөрсөн гуравдугаар сард дэгдсэн “Скрипалийн хэрэг”-тэй холбогдуулан Европын Холбооны гишүүн орнууд ОХУ-ын дипломатчдыг нутгаасаа хөөн гаргахад Австри улс уг эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхээс татгалзаж байсан юм.

 

Эх сурвалж: AFP