Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтансор: Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурсан хүүхэд ирээдүйн бүхий л амьдралаа өөрчилж чадна гэсэн үг...

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 17
Сурталчилгаа

Бид өдрийн хамгийн идэвхтэй буюу дунджаар 8-аас 10 цагт нь  хүүхдээ цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулдаг. Энэ 8 цагт ямар орчин, ямар боловсрол, соёл дунд хайртай үрсээ байлгах нь гэр бүлийн үлгэр дуурайлаас  гадна хүүхдийн хүмүүжил, аливааг даван туулж, таньж мэдэх чадварт хамгийн ихээр нөлөөлдөг гэдэг. Тиймээс бид хүүхдэд өгч чадах цэцэрлэгийн боловсролын мөн чанарын тухай болоод хүүхдийн насны онцлогийн талаар энэ удаагийн ярилцлагаараа тодруулсан юм. 

Ярилцлагын зочин: Калифорни мужийн Их сургуулийн Боловсролын Магистр, TESOL зэрэгтэй, Кембриджийн Англи хэлний албан ёсны шалгалтын удирдагч багш, ЖЭТ англи  хэлний сургалтын төвийн гүйцэтгэх захирал, Жэт кидс цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Ц. Алтансортой ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.  

 

- Цэцэрлэгийн буюу 0-5 насны хүүхдийн насны онцлогийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу? Энэ насанд хүүхэд ямар чадваруудын эзэн байх боломжтой байдаг вэ?

- Ер нь бол үүнийг хүний хөгжлийн алтан үе гэж эрдэмтэд нэрлэсэн байдаг юм билээ. Энэ насанд хүний тархины хөгжлийн 80-90% нь явагдаж байдаг учир хүүхэд дөрвөн нас хүртэл "суут хүн, онцгой чадвартай нэгэн” болоход бүрэн боломжтой гэдэг. Харин тэд хорин нас хүрэхэд энэ байдал нь 10% болж буурч, гучин нас хүрэхэд 2% болсон байх жишээний. Ийм учраас л бага насандаа мэдэрсэн мэдрэмж, олж авсан чадварууд тархины хөгжлийн оргил үеийн нөлөөлгөөр “төрөлх” чанар байх хэмжээнд хүртэл тухайн хүүхдэд суурь болж үлддэг. Тиймээс бид хүүхдээ ирээдүйд  ямар хүн болгохыг хүсэж байгаагаа яг энэ үеэс эхлүүлэн бий болгох, төлөвшүүлэх шаардлагатай болж байгаа юм.

 

- Ирээдүйд хүүхдээ сайн хүн болоосой, сайхан амьдраасай, нэр төртэй ажиллаасай гэж мэдээж аав ээжүүд хүсэж байгаа. Тэгвэл үүний тулд эхлэх алхмыг та юу гэж хэлэх вэ? 

- Дээр дурдсан “суут ухаан, гоц чадвар”-ын түвшин хаашаа алга болов? гэхээр тэд алга болдоггүй. Зүгээр л бид "болохгүй, чи чадахгүй, үгүй" гэсэн үгсээрээ, эсвэл зүгээр л урдуур нь орж бүхнийг хийж өгснөөрөө дарчихдаг юм байна. Хүүхэд 17 нас хүрэхдээ "үгүй" гэдэг үгийг 150,000 удаа, "тийм" гэдгийг 5,000 удаа л сонссон байдаг гэсэн судалгаа бий. Болохгүй, чадахгүй гэдэг үгийг үргэлжлүүлэн сонсох үед тархин дахь мэдрэлийн зам үүнийг хүлээн авч, зүгээр л дахиж нээлгүйгээр хаачихдаг байх нь.

Манай цэцэрлэгийн сэтгэл зүйч багш ярьдаг л даа. Сэтгэлзүйн шинжлэх ухааны тодорхойлолтоор бол дутуу дулимагийн мэдрэмж гэж байдаг гээд. Дутуугаа мэдрэх тусам хүүхдэд өөрт нь сөргөөр нөлөөлдөг. Дутуу дулимаг гэдэг материаллаг зүйл биш юм. Энэ насандаа юу хийж чадах боломжтой, юу хиймээр байгаа тэр зүйлийг эцэг эх нь “өгөхгүй”, дэмжихгүй байгаагийн мэдрэмж юм.  5 настай хүүхэд жишээ нь аль хэдийнээ хувцсаа өмсөж тайлах, эвхэж хураах, гутлаа өмсөөд өөрөө үдээсийг нь үдчих чадамжтай. Гэтэл  цэцэрлэгийн үүдэнд хүүхдийнхээ хувцсыг тайлж, өмсүүлсэн л хүмүүс байдаг шүү дээ. Тиймээс насанд нь тохирсон оролцоог нь, чадах зүйлийг нь хүүхдээсээ “булаахаа” больцгооё гэж юуны өмнө хэлнэ.

 

Мөн дараагийн хамгийн чухал зүйл бол сэтгэлзүйн хувьд “эрүүл, тогтвортой”  хүн бий болгох нь бидний үүрэг. Дэлхийн улсууд үүн дээр хэрхэн анхаардаг вэ? гэхээр EQ (Emotional Quotient) чадварт багаас нь  сургадаг. Энэ нь бүх мэдлэг чадварын анхдагч нь болдог. Үүнийг Харвардын их сургуулийн эрдэмтэд судалж, хүний амжилтын ердөө 20-25% нь IQ өндөртэй эсэхээс, харин EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас 75-80% нь шалтгаалдаг гэдгийг тогтоосон байдаг. 

- IQ  гэж их сонсож байснаас EQ гэж чухам юу болохыг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Энэ ямар чадвар  юм бэ? 

- Энэ бол сэтгэл хөдлөлөө удирдах чадвар юм. Сэтгэл зүйгээ удирдаж сурсан хүүхэд ирээдүйн бүхий л амьдралаа өөрчилж чадсан гэсэн үг...Тиймээс бид IQ-ээс илүүтэйгээр EQ-чадварыг хүүхдэдээ сургах хэрэгтэй...Миний хувьд боловсролын салбарт Intelligence Quotient /IQ/ - аас илүү энэхүү чадварын сургалт шаардлагатай байгааг өөрийн ажиллаж буй салбар болон нийгмийн амьдрал, амжилт, аз жаргалд нөлөөлөх хувь хүний төлөвшил болон харилцааны маш олон дүр зургаас харж, энэ тал дээр бодитой эерэг үр дүн, төсөл санаачлан хийхээр сэтгэл шулуудан судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон юм. 

Техник, технологи хурдацтайгаар хөгжиж буй энэ нийгэмд хүн болгон заавал технологийн хийж чадах зүйлийг сурах шаардлагагүй болж байгааг бид харж байна. Эсрэгээрээ бид үр хүүхдээ тэр робот, тэр цахим, ухаалаг эд зүйлсээс ялгарах гол чанар нь болох зүрх сэтгэл, сэтгэлзүйгээ удирдах ур чадвартай хүн болгон төлөвшлүүлэх нь юу юунаас илүү чухал  гэдгийг ойлгосоор байна.   

Оюуны өндөр чадамжтай хирнээ өөрийгөө олоогүй, юу хүсэж, юунаас аз жаргал, баяр баяслыг авдгаа ч мэдэхгүй, оюуны чадавхаа зөв зүйлд зориулаагүй, амжилт олоогүй хүн маш олон байдаг шүү дээ.
Тиймээс л бид үүнийг залруулж EQ буюу түүний үндсэн ур чадвар болох өөрийгөө танин мэдэх чадвараас эхлэн хүүхдүүддээ мэдлэг мэдрэмжийг нь олгохыг зорин ажиллаж байгаа юм.

 

- Өөрийгөө таньж мэдэх нь бүх чадварын үндэс болдог гэж та яриандаа дурдсан. Үүнийгээ илүү дэлгэрүүлж тайлбарлавал... 

- EQ-ийн үндсэн чадварын нэг Self-Awareness буюу өөрийгөө таньж мэдэх юм. Үүнийг АНУ-ын цэцэрлэг, сургуулиудад SELF-SCIENCE буюу өөрийгөө таньж мэдэх Шинжлэх ухааныг хичээл гэдгээр зааж байгаа. Ер нь хүн өөрийгөө таньж мэдэхээс л эхлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийгөө таньж мэдсэн хүүхэд юу хүсэж, юу мөрөөдөж байгаагаа ойлгодог. Ойлгож мэдэрсэн хүүхэд түүнийхээ төлөө тууштай байж, түүндээ өөрийгөө бэлдэж идэвхжүүлэх жишээний. Наад зах нь хичээл хийх ёстой бол тэр цагтаа төвлөрч сууж чаддаг. Эндээс л ололт амжилт эхэлнэ шүү дээ. Өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгож, хүндэлдэг. Энэ нь эргээд гэр бүл, найз нөхөд, ажлын харилцаанд эрүүл үр дүнг бий болгодог. Уур бухимдалтай байгаа бол түүнийгээ хэрхэн илэрхийлэх, эргээд энэ байдлаас яаж гарч баяр баясгалантай болохоо мэддэг. Тэгэхээр энэ бол ердөөсөө эрүүл сэтгэхүйтэй, мэдлэг чадвартай зөв амьдрах урлаг юм.

- Бага нас гэдэг тэгэхээр тасралтгүй хөгжих хүний хөгжлийн хамгийн чухал үе юм байна. Ингээд бодохоор цэцэрлэг гэдэг хүүхдийн энэхүү цаг хугацаанд нь орчин нөлөөлөл нь болох боловсролын бас хамгийн чухал үе нь болох нь? 

- Тэгэлгүй яахав. Хүн нийгэмд хүмүүсийн дунд дасан зохицож амьдардаг. Хүүхдийн хувьд анхны олон хүнтэй “нийгэм” нь цэцэрлэг юм. Энд биеэ даах, биеэ зөв авч явах, танин мэдэхүй харилцааны мэдлэгт суралцах, нэгнийгээ хүндэлж хайрлаж, бас үүрэг хариуцлагад суралцдаг.

- Бид үүнийг мэдэх хэдий ч тэнд хүүхэд дуу бүжиг сурч, тоглоом тоглож, унтдаг гэдгээс өөр зүйлийг бараг тодорхойлж хэлж чаддахгүй юм байна. Ингэхэд та цэцэрлэгээ үүсгэн байгуулагчийн хувьд ямар төсөөлөлтэйгөөр нээсэн бэ? 

- Би хүүхдэдээ цэцэрлэг сонгож үзсэн. Бүр маш нарийн хандсан.  Тухайн үеийн эрэл хайгуул одоо цэцэрлэгийн маань үнэт зүйлд шингэсэн байдаг. Америкт суралцаж байх хугацаандаа бага хүүхдээ цэцэрлэгт өгөөд тэндээс ийм л цэцэрлэгийг Монголдоо бий болгох юмсан гэсэн төсөөлөлтэйгөөр эхэлж байсан. Цэцэрлэг маань хүүхдийн сэтгэлзүйг ойлгосон тайван уур амьсгалтай, тэдний creative сэтгэлгээг дэмжсэн, багш нар нь холын биш ойрын хүн нь байгаасай, орчин нь хүүхдийн сэтгэлзүй анхаарлыг сарьнуулах тод гял цал гэхээсээ илүү энгийн натурал зөөлөн өнгөтэй, сургалтын системийн хувьд дэлхийн жишигт суралцсан  ийм л байлгахыг хүссэн.

Мөн бага насандаа гадаад хэл сурахын давуу талыг хүүхдүүдэд бий болгохыг зорьж Англи хэлний сургалтыг хослуулсан. Энд бас нэгэн чухал зүйл бол эцэг эх багш хүүхдийн гурвалсан холбоо. Тиймээс бид үүнд маш их ач холбогдол өгч, эцэг эхчүүддээ ч гэсэн хүүхэд хүмүүжлийн арга ухааны сургалт явуулж, гэр бүлийн үнэ цэнийг анзаарч харах, бахархах, сайхан дурсамж үлдээх өдөрлөгүүдийг зохиодог. 

 

- Хүмүүс аль цэцэрлэгт хүүхдээ оруулбал зүгээр вэ? ямар сургуульд оруулбал сайн бэ гээд л их бие биенээсээ асуудаг л даа. Цэцэрлэгийн тал дээр та хүмүүсийг сонголтоо хийхдээ юу анхаарах, цэцэрлэгээс юу хүлээх ёстой гэж хэлэх вэ?

- Сайн цэцэрлэг, сайн сургууль гэдгийг ямар үнэлэмжээр дүгнэж байгааг эхлээд тодорхойлох ёстой байх. Би энд тийм нь сайн ийм нь муу гэж хэлэх тохиромжгүй юм.  Харин та хүүхдээ өгөх гэж байгаа бол “Тухайн цэцэрлэгийн үнэт зүйл, философи таны хүүхдэдээ олгох гээд байгаа боловсрол, хүмүүжилтэй тохирч байна уу? гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй” гэж эцэг эхчүүдэд хэлмээр санагддаг. Гэр, цэцэрлэг хоёр хүүхдийн хөгжил хүмүүжилд баримталдаг нэг шугамтай байх ёстой шүү дээ.
Энэ цэцэрлэг миний хүүхдийг ямар болгох, яаж хөгжүүлэх, бидний хүсэл сонирхолтой нийцэж байна уу? гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл аль нэг цэцэрлэгийн тохижилт, орчин нөхцөл, дүүрэн тоглоом, гял цал байдал сурталчилгааг нь хараад  хүүхдээ өгдөг тал их байдаг. Ингээд буцаад тухайн цэцэрлэг эцэг эх хоорондын зөрчил гарч эхэлдэг. Эцэг эхийн зүгээс би хүүхдээ ийм болгомоор байна, ингэмээр байна гээд өөрийнхөө хүсэл зорилгыг яриад байдаг. Гэтэл тухайн цэцэрлэг хүн болгоны хүсэл сонирхолд тааруулж үзэл баримтлалаа өөрчлөх боломжгүй шүү дээ. 

Цэцэрлэг бүр өөрийн гэсэн баримтлалтай байдаг. Жишээ нь монтессори цэцэрлэг. Энэ цэцэрлэг Монтессори онол дээр тулгуурладаг бөгөөд, бүх тоглоом хэрэглэгдэхүүнүүд монтессрори л байдаг. Энд хүүхэд өөрийгөө айхтар нээгээд, яриад байх гэхээсээ илүү бие дааж сурдаг. Багаар гэхээсээ илүү ганцаараа бие дааж ажилладаг гэдэг ч юм уу? Гэтэл хүүхдээ илүү нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, бусадтай зөв харьцдаг хүн болгоё гэвэл сонгох цэцэрлэгийнхээ арга барил үйл ажиллагааны онцлогийг л мэдэх хэрэгтэй. 

Энд нэг жишээ хэлэхэд хүүхдүүд ихэвчлэн гэртээ усны савнаас соруулаар уугаад сурчихсан байдаг шүү дээ. Түгжээтэй сав болохоор доторх нь асгардаггүй. Эцэг эхчүүд задгай аяганаас биш тэр саванд нь л бүх шингэн зүйлийг нь хийж өгөхийг хүсдэг тохиолдол байдаг.  Энэ тухай багш нартайгаа яриад сууж байхад нэг багш маань ингэж хэлсэн юм. Битүү түгжээтэй саванд уух зүйлийг нь хийж өгөх шиг амархан зүйл юу байхав. Гэхдээ би тэр хүүхдүүдийг  ам нь задгай аяганд дэнжигнүүлээд, асгаад ч болтугай ууж сураад, гарын булчин нь хөгжөөсэй гэж хүссэн юм гэж. Тэгэхээр магадгүй хувцсан дээр асгарсан толбо бол бидний хүүхдэдээ бий болгох гээд, төлөвшүүлэх гээд зорьж байгаа зүйлийн хажууд асуудал биш болж таарч байгаа юм. Бидний философи ч үүнд чиглэдэг. Энэ бол хүүхэд өөрөө хөгжих биеэ даах, бэрхшээлийг тэр асгасан, цутгасан, унасан байдлаасаа даван туулж босоод ирэх чадварыг бий болгох юм. Үүнийг AQ adversity quotient буюу бэрхшээлийг даван туулах чадвар гэж нэрлэдэг л дээ.  Гэтэл бүх зүйл төгс байгаад, бүх зүйл гоё байгаад, цэвэр цэмцгэр байгаад байвал энэ бол үнэн биш. Амьдрал дардан, нийгэм өөрөө тийм сайхан биш шүү дээ. Тиймээс л эцэг эхчүүд маань сонголтоо хийхдээ үзэл баримтлалаа мэдэж байгаасай гэдгийн утга учир нь энэ байгаа юм. 

- “Development center” гээд хүүхэд хөгжүүлэх төв Жэт кидс цэцэрлэгийн дэргэд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ төвд ч гэсэн дээрх үзэл баримтлалаар үйл ажиллагаагаа явуулдаг уу? 

- Тэгэлгүй яахав. “Jet Kids Development Center” хүүхэд хөгжүүлэх төвд маань ЕБС-ийн бага ангийн хүүхдүүд хичээллэдэг. Олон дугуйлан олон газар хүүхдээ хүргэж өгч авна гэдэг эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй байдаг шүү дээ. Тиймээс бид танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшихүйн чадваруудыг жигд цогцоор нь хөгжүүлэх хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг.   Тухайлбал  Англи хэл, EQ, усан бассейн, уран зураг, шатар гэх зэргээр хүүхдийг өөрийгөө нээх, мэдээж сурахад дуртай байх нөхцөл, боломж бүрээр бид дэмжихийг зорьдог.    
Баярлалаа. Энэхүү ярилцлагаас эцэг эхчүүд маань хүүхэд төлөвшил хүмүүжлийн талаар тодорхой мэдээлэл, санаа авсан болов уу гэж итгэж байна. Танд амжилт хүсье.
Баярлалаа та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.

Д. Чанцал 

“Жэт Кидс” цэцэрлэгийн орчины зураг:

 
 
 
 
 
 
 

Утас: 7777-7733, 90000123

https://www.facebook.com/JetKidsEdu/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.