Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"725 мянган хүүхдийн шүдийг оношилж, эмчлэх төлөвлөгөөг боловсруулсны дараа 2019 оноос үзлэг эхэлнэ"

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож буй өвчлөл болох шүдний цоорлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн батлаад байна.

Уг хөтөлбөрийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын хүүхдийн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн  нарийн бичиг Ө.Энхмаатай ярилцлаа.

-2019-2023 оныг дуустал таван жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөрийн үндсэн чиглэлүүдийг танилцуулахгүй юу?

-Үндэсний хөтөлбөр таван жилийн хугацаатай хэрэгжиж бөгөөд 2-12 насны хүүхдүүдийн дундах шүд цоорлын тархалтыг 30 хувиар, эрчмийг дөрвөн нэгжээр бууруулах зорилготой. 

Энэ зорилгодоо хүрэхийн тулд дөрвөн үндсэн зорилт тавьсан. 

Нэгдүгээрт, бодлого эрх зүйн орчинг бий болгоход анхаарч байна. Манай улсын хувьд шүдний их эмч хангалттай бэлтгэгдсэн байгааг бусад орнуудтай харьцуулсан ДЭМБ-ын судалгаанаас харж болохоор байна. Харин улсын хэмжээнд нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэй 63 хүн байгааг таван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 2023 он гэхэд 170 хүргэх зорилт тавиад байна. Нүүр амны эрүүл ахуйч нар маань аймаг, сум, хорооны эрүүл мэндийн төвүүд болон сургууль цэцэрлэг дээр ажиллаж шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг арга замыг заах юм. 

Манайхны дунд шүдээ өвдсөний дараа эмчлүүлэх асуудалд анхаардгаас биш урьдчилан сэргийлэхэд төдийлөн анхаарахгүй байна. 

Хоёрдугаарт, Шүдний өвчлөлөө урьдчилан сэргийлэхийн тулд юу идэх, хэрхэн шүдээ арчлах талаар мэдээллийг СӨБ болон Бага сургуулийн багш нараар дамжуулан олгох чиглэлийг баримталж байна. 

Гуравдугаарт, Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийнэ.

Дөрөв дэх гол зорилт нь үндсэндээ судалгааны ажил байгаа. Үндэсний хэмжээнд бодлого боловсруулаад ажиллахад эрдэм шинжилгээний ажил, судалгаа статистик ховор байна. Хийгдсэн судалгаа маань нийслэлийн, аймгийн аль эсвэл нэг сургуулийн хэмжээнд байгаа. Яг улсын хэмжээнд асуудлыг аваад үзэх гэхээр бариад авах тоо, мэдээлэл алга байна. 

Мөн сүүлийн үед шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ямар шинэ арга технологи нэвтэрч байна. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг судална. 

-Хөтөлбөрт 2-12 насны хүүхдүүдийг хамруулахаар заасан байна. Насыг сонгохдоо ямар судалгаан дээр үндэслэсэн бэ?

-Анх хөтөлбөрийг боловсруулахдаа 18 нас хүртэлх насны хүүхдүүдийг хамруулъя гэж зорьж байсан. Ингээд судлаад явж байхад нас насанд шүдний өвчлөл, цоорлын эрчим өөр өөр байгаа нь харагдсан. Тодруулбал, Хүүхдийн сүүн шүд ургаад, унаад байнгын шүдээр бүрэн солигдож дуусах хүртэл үйл явц 12 нас хүртэл үргэлжилж энэ хугацаанд хамгийн их өвчлөл тохиолдож байна. 5-6-н нас шүд цоорол хамгийн эрчимтэй тохиолдож байгаа оргил үе нь. 

 5-6-н нас шүд цоорол хамгийн эрчимтэй тохиолдож байгаа оргил үе нь. 

Тиймээс энэ хугацаанд нь урьдчилан сэргийлээд, нэгэнт өвчилсөн бол байнгын хяналтад авч эмчлээд, шүдээ арчлах зөв арга дадалд сургахыг зорьж байгаа юм. 

2-12 насныхныг сонгосон бас нэг шалтгаан бол санхүүгийн асуудал. 18 нас хүртэлх бүх хүүхдийг хөтөлбөрт хамруулъя гэхээр маш их хэмжээний санхүүжилт шаардагдах гарч байсан. 

-Иргэдийн хувьд нэгэнд шүд нь хорхойтсон хүүхдээ хөтөлбөрийн хүрээнд хэрхэн эмчлүүлэх вэ. Хөнгөлөлт эдлэх юм уу эсвэл улс бүх төлбөрийг гаргаад үнэ төлбөргүй эмчлэх юм уу гэдгийг маш их сонирхож байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Ямартай ч эхний ээлжинд хөтөлбөр батлагдчихлаа. Яг одоо хөтөлбөрийн хүрээнд 725 мянган хүүхдээ хэрхэн үзлэг оношилгоонд хамруулах, хэрхэн эмчлэх, үүнд хэдэн төгрөг зарцуулах талаар нарийвчилсан төлөвлөгөөг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Эмчилгээг хувийн хэвшилтэй хамтарч хийх үү эсвэл улсын эмнэлгийнхээ орон тоог нэмэгдүүлэх үү гэдэг дээр эцсийн шийдвэр гараагүй байгаа. 

"50 тэрбум төгрөгийн дийлэнх нь эмчилгээнд зарцуулагдана"
 

-Хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ санхүүжилтийн хэдэн хувь нь урьдчилан сэргийлэх, хэдэн хувь нь эмчилгээнд, судалгааны ажилд зарцуулагдах талаар хуваарилалт гарсан уу?

- 725 мянган хүүхдийн маань 80-90 хувь нь аль хэдийн шүд цоорох өвчнөөр өвчилсөн байгаа. Энэ нөхцөлөөс харахад дийлэнх зардал эмчилгээнд зарцуулагдахаар байна. 

Судалгаанаас харахад нэг хүүхдийн аманд дунджаар 6-8 шүд цоорсон байна. Тэгэхээр шүд тус бүрээр тооцож эмчилгээг үнэлбэл маш өндөр зардал гарах гээд байгаа. Тиймээс бидний зүгээс хөтөлбөрт суурилсан санхүүжилт хийх хэлбэрээр оношилгоо эмчилгээг явуулахаар төлөвлөж байна. Хөтөлбөрт суурилсан гэхээр тухайн хүүхдийн шүдний өвчлөл ямар түвшинд байгаа гэдгээс үл хамааран нэг хүүхдийн эмчилгээний зардлыг тогтмол дүнгээр тооцно гэсэн үг.

Нэг хүүхдийн аманд дунджаар 6-8 шүд цоорсон байна.​ 

Эмчилгээ хийх шаардлагатай хүүхдийн тоогоор санхүүжилт авсан эмнэлэг тухайн хүүхдийг байнгын хяналтад авч, эцэг эхчүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг давхар явуулахаар төлөвлөж байгаа. 2019 оноос хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд шаардлагатай тооцооллууд бүрэн хийгсэн байна.

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал хэдий ч өвчлөл ийм их хэмжээнд хүрсэн өнөөгийн нөхцөлд ихэнх зардал эмчилгээнд л явж таараад байна. 

-Үндэсний хөтөлбөрийн хүрээнд зөвхөн ЭМЯ бус бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлүүд байгаа юу. Тухайлбал, сургуулийн цайны газар, орчинд  чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдаалж байгаа нь хүүхдийн шүдний өвчлөлд нөлөөлж байна гэх таамаглал байдаг. Энэ тухайд?

-Нэг удаа л шүдийг нь эмчлээд орхивол энэ их хөрөнгө үргүй зардал болж, хөтөлбөр үр дүнгүй болно. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал гэж харахгүйгээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэн боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг асуудлыг шийдвэрлэхэд татан оролцуулах шаардлагатай. Тухайлбал, Чихэр ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл импортыг татварын бодлогоор хязгаарлах, шүдэнд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэл хөтөлбөрт багтсан.

- Мэдээлэл өгсөн танд баярлалаа.