Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Агаараас хүлэмжийн хийг сордог бодисыг эрдэмтэд нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд агаар мандлаас хүлэмжийн хий буюу CO2-ийг сорж, өөртөө шингээдэг магнезит (magnesite) хэмээх бодисыг лабораторид гарган авчээ.

Ингэснээр байгаль дээр олон мянган жилийн турш явагддаг үйл явцыг хэдхэн хоногийн дотор гүйцэтгэж чадахаар болсон байна.

Нээлтийн үр дүнд агаараас хүлэмжийн хийг шингээн авч, хадгалах CCS (Carbon Capture and Storage) технологийн салбарт томоохон алхам хийх байгаа юм.

Уг аргыг хөгжүүлэх нь дэлхийн дулаарлыг бууруулах нэг чухал стратеги гэж үздэг бөгөөд Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнд дурдсан байдаг.

Магнезит нь байгаль дээр байдаг чулуулаг бодис бөгөөд гоёл чимэглэл, янз бүрийн үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгддэг юм. Эрдэмтэд түүний нүүрстөрөгч шингээх чанарыг эртнээс мэддэг байсан.

Нэг тонн магнезит нь агаар мандал дахь хагас тонн CO2-ийг шингээх чадалтай гэгддэг.

Гэхдээ энэ үйл явц маш удаан хугацаанд явагддаг тул төдийлөн сонирхол татахгүй байсан юм. Харин энэ хугацааны асуудлыг шийдэхийн тулд Трент Их сургуулийн профессор Ян Пауэрын баг хүлэмжийн хий уг бодисонд шингэж, талстжих үзэгдлийг судалсны дараа хурдасгах аргыг нь нээжээ.

Үр дүнд нь олон мянган жил үргэлжилдэг явц 72 өдрийн дотор дуусдаг болсон байна.

Энэ бүх үйл явц тасалгааны температурт явагддаг тул зардал багатай, эрчим хүч бага шаардагдана гэж судлаачид тооцоолжээ.

“Одоогоор бид лабораторийн туршилтын шатанд явж байна. Хүрээг нь томруулж туршсаны дараа амьдралд хэрэгжүүлж үзэх болно” гэж профессор Пауэр ярьж байна.

Туршилтын үр дүнг саяхан Бостонд болсон Голдшмидтийн Геохимийн чуулган дээр танилцуулжээ.

Хэдийгээр зарим судлаачид энэ туршилтын үр дүнг хэтэрхий өөдрөг гэж шүүмжилж байгаа ч CCS салбарт гарцаагүй чухал нээлт гэж олон эрдэмтэд дүгнэж байна.

Уг судалгаанд оролцоогүй Колумбын Их сургуулийн нүүрсхүчил шингээх технологийн эксперт Питер Келемэн “Урьд нь мэдэгддэг байсан байгаль дээрх магнезитийн талстжих үйл явцын учир шалтгааныг тайлбарлаж чадсан нь тэдний том амжилт юм. Уг үйл явцыг хурдасгаж чадсан нь бас чухал үр дүн. Ингэснээр агаараас CO2-ийг шүүж, хадгалах хямд өртөгтэй арга бий болгох боломж харагдаж байна” хэмээн ярьжээ.

Өөр нэг судлаач Эдинбургийн Их сургуулийн доктор Гарет Жонсон “Бид олон арван жилийн турш нүүрстөрөгчийг талст болгон хадгалах аргыг судалж байсан ч эрчим хүчний өндөр зардал, санхүүгийн асуудалтай тулгараад мухарддаг байсан. Хэдийгээр эхний шатандаа яваа ч бага эрчим хүчээр, бага зардлаар хүлэмжийн хийг магнезит болгох аргыг санаачилсанд баяртай байна” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Independent