Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсад машинистын чиглэлээр сурч, ажиллах залуучуудыг ажилд урив

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Герман улсын төмөр замын мэргэжилтэн Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой монгол залуусыг сургаж, дадлага хийх, туршлага өгөх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Rail Berlin Representative office-с өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Холун хатны үрс" буяны сангийн захирал А.Сарнай "Би герман хэлний багш хийдэг. Саяхан манай сургалтын төв дээр Герман улсаас хүн ирж уулзсан. Германд ажиллах хүч маш дутагдалтай байгаа талаар энэ хүн хэлсэн. Герман улс өмнө нь Туркээс ажиллах хүчээ авдаг байсан. Харин сүүлийн үед Турк-Герман хоорондын харилцаа муу байгаа учраас бусад улсаас авдаг болсон. Энэ хүний тавьсан санал их боломжийн санагдсан учраас өнөөдөр бид хэвлэлийн хурал зарласан юм.

Миний зүгээс энэхүү ажилд орох сонирхолтой хүмүүст хэлний шаардлагыг нь хангахад тусламж үзүүлэх боломжтой. Бүртгэл манай сургалтын төв дээр явагдах юм. Бид ямар нэгэн зуучлалын хөлс авахгүй. Залуучуудад хэрэгтэй гэсэн үүднээс энэ ажлыг дэмжиж ажиллаж байгаа юм. Цалингийн хувьд татвараа төлөөд гар дээрээ 3,000 евро авах ажил" гэв.

Райл Берлин Төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Александер Постлер "Би 30 гаруй жил Германы төмөр замын албанд ажилласан. Энэ удаа Монголоос Герман руу төмөр замын машинист ажилд зуучлах зорилготой ирсэн байна.

Бидний тавьж буй шаардлага бол:

  • 21-ээс дээш насны
  • 3-5 жил Герман улсад амьдарч, ажиллах сонирхолтой
  • Герман хэлний B2 түвшний мэдлэгтэй байх

Эдгээр шаардлагуудыг хангасан хүмүүсийг эхний ээлжинд Германд 7-9 сарын мэргэшүүлэх сургалтад суралцуулна. Хэлний шаардлагыг хангаад сургалтад суралцсан хүмүүсээ бид цаашид дэмжиж, хамтарч ажиллах болно" гэв.

Тус компанийн зүгээс эхний ээлжинд энэ жил 7-8 хүн ажилд авах юм байна. 

Бүртгэл авах хаяг: Гандангийн ард, Сэрүүлэг сургалтын төвийн 212 тоот, Холун Герман хэлний сургалтын төв.