Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн сонгуулийн хорооны хоёр гишүүнийг томиллоо

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөө өглөө дөрвөн асуудал хэлэлцэхээр ээлжит хурал зарласан билээ. Хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулбал:

  1. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай
  2. Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  3. Ноогдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай асуудал зэргийг өнөөдөр өглөөний хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч НИТХ-ын Тэргүүлэгч Б.Цолмон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга одоогоор Монгол Улсад байхгүй тул ирэхээр нь дараагийн хурлаар хэлэлцэж хойшлуулах санал тавьсан нь дэмжигдсэн юм.

Хурлаар хэлэлцэх хоёр дахь асуудал нь Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 2016 оны долоодугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдсан. Тус хороонд нийт 9 гишүүн томилогдсоноос нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Т.Батдорж, нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүнээр Нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга асан Б.Мөнхцэцэг нар тус тус ажиллаж байсан ч тэд төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллөөс сонгуулийн ерөнхий хороонд нөхөн томилж өгнө уу гэсэн хүсэлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьсны дагуу хэлэлцжээ.

Нийслэлийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын долооны өдөр Багахангай дүүрэгт, дахин сонгууль аравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт явагдахаар төлөвлөгдөж байгаа тул сонгуулийн хуулийн дагуу 45 хоногоос доошгүй хугацаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталгаажуулах шаардлагатай байдаг байна.

НСХ-ны бүрэлдэхүүнд, НСХ-ны Нарийн бичгийн даргын ажилд СХД-ийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга Ц.Булганмааг, сонгуулийн хорооны гишүүнээр БГД-ийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга П.Батбаяр нарыг нөхөн томилуулахаар нэр дэвшүүлсэн. Эдгээр төрийн албан хаагчдыг хоёр эрх баригч нам нэр дэвшүүлсэнд зарим НИТХ-ын Тэргүүлэгчид дургүйцэж байв.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчээ оруулснаар сонгууль явагддаг. Үүнтэй адил сонгуулийн хороонд улс төрийн намууд ажиллах гишүүдээ мөн нэр дэвшүүлж оруулах эрхтэй байдаг" хэмээн тайлбарлав.

НИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй хууль, хяналтын дор явуулах хоёр эрх баригч намаас бусад улс төрийн намын төлөөллүүдийн саналыг харгалзаж үзэх хэрэгтэйг анхааруулсны дараагаар тогтоолыг баталж Нарийн бичгийн даргын ажилд СХД-ийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга Ц.Булганмаа, сонгуулийн хорооны гишүүнээр БГД-ийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн дарга П.Батбаяр нарыг томиллоо.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдод  ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуулийг ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд шударга, өндөр зохион байгуулалттай явуулахыг үүрэг болголоо.