Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хөрөнгө оруулалтыг сөргүүлэн АНУ-ын засгийн газар Шри Ланкад $39 саяар тусална

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн далайн Шри Ланка улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор АНУ $39 саяын тусламж өгөх гэж байгаагаа Даваа гарагт зарлажээ. Конгрессоор батлуулсны дараа энэхүү тусламжийг олгох юм.

Шри Ланка бол Энэтхэгийн далайд байр сууриа нэмэгдүүлэхийг зорьж байгаа Хятадын гол түшиц газар нутаг юм.

Бээжингийн эрх баригчид “Зам ба бүс” аварга төслийнхөө хүрээнд энэ арал улсад далайн боомт, нисэх буудал зэрэг томоохон байгууламжуудыг босгож байгаа.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Шри Ланкын төв банк Хятадын засгийн газраас $1 тэрбумын зээл авах болсноо зарласан юм.

АНУ-Шри Ланкын харилцаа өнгөрсөн хугацаанд тийм ч сайн байгаагүй. 2009 онд төгсгөл болсон Тамилын салан тусгаарлагчидтай хийсэн дайны үеэр АНУ Шри Ланкад зэвсэг худалдаалахыг хориглож байв. Мөн Шри Ланка дахь хүний эрхийн нөхцөл байдлыг Вашингтон үргэлж шүүмжилсээр ирсэн. Өмнөх засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтныг нь эдийн засгийн хар жагсаалтад багтааж байв.

Хэдийгээр гадаад өрийн хэмжээ нь нэмэгдэж байгаа ч Шри Ланкын эрх баригчид Бээжингээс санхүүгийн зээл тусламж авахаа зогсоохгүй байна. Өнгөрсөн онд тус улсын засгийн газар Хятадын $1.4 тэрбумын өрийг төлж дийлэхгүй болсон тул энэ мөнгөөр байгуулсан стратегийн ач холбогдолтой боомтоо 99 жилийн хугацаатай Хятадад түрээслүүлэхээр болсон юм.

Трампын засаг захиргаа саяхан Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг Хятадын нөлөөллөөс холдуулахын тулд батлан хамгаалах зориулалттай $300 саяын тусламжийн санг баталсан. Шри Ланкын энэ удаагийн тусламж дээрх сангаас гарч байгаа юм.

 

 Эх сурвалж: AFP