Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эхнэртэйгээ маргалдсан Америк эр гэрээ нисэх онгоцоор мөргөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Сити хотоос холгүй амьдардаг эр Даваа гарагийн шөнө өөрийн гэрийг Cessna 525 бага оврын нисэх онгоцоор мөргөж амиа хорложээ.

47 настай Дуэйн Юдыг Ням гарагийн орой гэр бүлийн хүчирхийллийн хэргээр орон нутгийн цагдаа баривчлаад байсан юм. Эхнэртэйгээ архи ууж согтсон Юд удалгүй гэр бүлийн хүнтэйгээ маргалдан зодож эхэлсэн тул хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн юм байна.

Цагдаагийн газар хэсэг хоригдсоны дараа түүнийг батлан даалтаар суллажээ. Цагдаагийн газраас гэртээ хүргэгдэж ирсэн Юд тэр даруй ажил руугаа очиж, компанийн өмч болох нисэх онгоцоор хөөрсний дараа гэр рүүгээ дайрсан юм байна.

Мэргэжлийн нисгэгч Юд өмнө нь бас гэр бүлийн хэрүүл маргааны улмаас шийтгүүлж байжээ.

 
Дуэйн Юд

Халдлага гарах үед эхнэр, хүү хоёр нь гэрээсээ гарч зугтсан тул амьд үлдсэн байна.

Нисэх онгоц ашиглан амиа хорлох үйлдэл сүүлийн өдрүүдэд хоёр дахь удаагаа Америкт гарсан нь энэ юм. Өнгөрсөн Баасан гарагийн орой Сиэтл-Такома олон улсын нисэх буудлын ажилтан 29 настай Ричард Рассел онгоц хулгайлж ниссэнийхээ дараа газар мөргөж амь үрэгдсэн байна.

Тэрээр нисэх явцдаа нислэгийг удирдах төвийн ажилтантай холбоогоор ярилцаж, өөрийгөө “зарим эрэг шураг нь гээгдсэн эвдэрхий залуу” хэмээн нэрлэж байжээ. Бас Рассел нисэх онгоц яаж жолоодохыг компьютер тоглоомоор сурсан ч яаж газардахыг сураагүйгээ ярьж байсан гэнэ.

 

Эх сурвалж: CNN