Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Этиопын засгийн газар эзэн хааныхаа туг үсийг Лондоны музейгээс шилжүүлж авахыг хүсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Тэводрос II хааны хөрөг

Этиопын засгийн газар 19 дүгээр зуунд тус орныг захирч байсан эзэн хааныхаа туг үсийг Лондон хот дахь Үндэсний Армийн Музейгээс шилжүүлж авах хүсэлт тавьсан юм.

1868 онд Британичууд Этиопыг эзлэх үеэр эзэн хаан Тэводрос II колоничлогчдод амьдаар баригдахгүйн тулд амиа егүүтгэж байжээ. Тэрээр Британий хатан хаан Викториагийн бэлэглэсэн гар буугаар өөрийгөө буудсан гэдэг.

Улмаар Сэр Роберт Наперын удирдсан цэргийн анги эзэн хааны толгойноос үсийг нь авч, ордны бусад үнэт эдлэлүүдийн хамт олзлон явсан байна.

Энэхүү цэргийн ажиллагаа нь Этиопын хааны шоронд хоригдож байсан Британичуудыг аврах зорилготой байжээ. Тэдний дотор хоёр жил гаруй хугацаанд гав гинжтэй хоригдсон Британий консул Чарльз Камерон байсан юм.

Британичууд хойд Этиопт байдаг эзэн хааны хэрмийг сүйтгэж, 15 заан, 200 үхэр тэргэнд их хэмжээний үнэт эдлэл тээвэрлэн авч явсныг өнөөдөр Британий хэд хэдэн музейд хадгалж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Этиопын элчин сайд Үндэсний Армийн Музейд зочлохдоо эзэн хааны толгойн үсийг буцааж авах хүсэлтээ албан ёсоор гаргасан ажээ.

Үүний дараа тавдугаар сард музейн удирдах зөвлөл хуралдаж, үзмэрийг Этиопын талд шилжүүлж өгсний дараа ямар үр дүн гарах талаар тайлан бичиж есдүгээр сарын 1-нээс өмнө танилцуулахыг музейн захиралд үүрэг болгосон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Этиоп улс түүхийн дурсгалуудаа Британиас буцааж авах хүсэлтээ эртнээс ярьж эхэлсэн юм. Дөрөвдүгээр сард Викториа ба Альбертын Музей өөрт хадгалагдаж байгаа алтан титэм зэрэг эд зүйлсийг Этиопт удаан хугацаагаар зээлэх шийдвэр гаргасан.

Уг музейн захирал Тристрам Хант 19 дүгээр зуунд болсон түүхэн үйл явдал нь хэдийгээр ичгэвэртэй хэрэг хэдий ч эд зүйлсийг бүрмөсөн буцааж өгөх боломжгүйг мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: The Guardian