Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дөчин гурван мянгаас хасах нь найман мянга

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүн төрөлхтөн шинэ эрин зууны тухай гайхмаар нээлтүүд хийж халаглам дэвшил ярьж байгаа энэ үед монголчууд бид балчруудынхаа сурах орчныг дээрдүүлж, цэцэрлэгийн боловсрол олгох хүртээмжит орчныг бий болгож чадаагүй суугаа нь харамсалтай. 2016-2017 оны хичээлийн жилд 43 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй гэх тоо баримт бий.

Тэгвэл дээрх үзүүлэлт энэ хичээлийн жилд буурах уу гэсэн асуулт эцэг эхийн дунд байна. Жил бүр сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас шалтгаалсан ийм мэдээлэл хөвөрдөг. Бид ч үүнд сэтгэл өвддөггүй болтлоо дасжээ. Хүүхдийн нэн тэргүүний сурч боловсрох эрх зөрчигдөж буйд хариуцлага хүлээх хүн ч байдаггүй, сугалаанд багтаж бүртгүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагчийн буруу болоод дуусдаг.

“Ийм л байх ёстой, үнэхээр бидний анхиагүйн буруу” гэсэн байдлаар хүүхдээ дахиад л гэрт нь цоожилдог. Боловсролын ийм хүртээмжгүй байдлаас болж хүн амын өсөлт дээрдэхгүй, залуус гаднын орны ажиллах хүчинд зүтгэсээр насыг барж байна. Хаана, хүүхэд боловсрох орчноос тусгаарлагдана тэнд нийгмийг доройтуулах нөхцөл үүсдэг. Хүүхэд аюулд үргэлж ойрхон амьдардаг.

Хүүхэд хаана хараа хяналтаас гадуур байна, тэнд хөгжлийн гацаа, соёлын доголдол үүсэж байдаг. Энэ асуудлыг олж харсан, шийдвэрлэх гарц нь болж 8,000 гаруй хүүхдийг сурч боловсроход нь тусалж буй буянтай төсөл хөдөөд хэрэгждэг юм байна. Алслагдсан сумдад хэрэгжээд ээлээ өгөөд эхэлсэн “Сайн төсөл”-ийг Хүүхдийг ивээх сан, Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-тай хамтран 2012 оноос хэрэгжүүлсэн нь өдгөө сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 8,000 гаруй хүүхдийг баярлуулсан ажил болжээ.

“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” нэртэй хөтөлбөрийн ачаар хүүхэд гэр бүлийнхээ орчинд мэдлэг олж авч танин мэдэхүй, хэл ярианы чадвараа дээшлүүлсэн нь олон аав, ээжийн талархлыг хүлээжээ. Тиймээс “Хүүхдэд ээлтэй уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Төсөлд хамрагдах аймаг, сум, хүүхдийн тоог нэмье. Хүүхдийнхээ боловсрох эрхийг хангая. Ахуй, амьдралын нөхцөл, алслагдсан хөдөөд өрнөж байгаагийн буруутан нь хүүхэд байх ёсгүй. Хүүхдийн сурах орчныг гэрт нь бий болгоё” хэмээн салбарын яам үзжээ.

Нэгэнт хүүхдийн орчныг эцэг, эхийнх нь дэргэд бий болгож чадвал хүүхэд хүмүүжиж, боловсорч, мэдлэг олж авч буй нь батлагдсан учир салбарын сайд энэ сарын 2-ны өдөр тушаал гаргаж нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Монголын бяцхан үрсийн сайн сайхан ирээдүйн төлөө, хүүхдийн алдагдсан эрхийг эдлүүлэх гарц болж байгаа “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд нь хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжих хүрээгээ тэлснээр сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдахгүйгээр сургуульд ордог малчны хүүхдүүдийн тоо улам буурах юм.

Мөн цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 настай хүүхдүүд эцэг эхийн тусламжтай гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэгдэх боломж бий болох юм. Хөтөлбөрийн хүрээнд, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт гучин сумыг сонгож сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 4-5 настай хүүхдийг төсөлд хамруулсан бөгөөд малчдын талархлыг хүлээсэн хамгийн зөв ажил болтлоо үнэлэгдсэн нь хүрээгээ тэлэх зайлшгүй шалтгаан болжээ.

Хөтөлбөрийн талаар Хүүхдийг ивээх сангийн Боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр нь, эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш” гарын авлагаар сургалтаа явуулна. Мөн хүүхдэд зориулсан “Би чадна” номтой. Үүнийг хүүхэд өөрөө ашиглана. Эцэг эхийн сонсдог номтой, Сургуулийг түшиглэн байгуулсан “Миний номын өргөө” зөөврийн ном, тоглоомын багцтай. Хүүхдүүд сургуулийн номын сангаас гэртээ авч явж хэрэглэдэг шиг багцаа ашиглаж дууссаны дараа номын санд буцааж өгөөд, дараагийн шинэ багцыг авдаг. Хөтөлбөрийн явцад нийт арван багц буюу 100 ном, 30 тоглоом ашиглаж суралцдаг.

Төсөлд хамрагдсан хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Эргээд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд дээрээ очиход, нэг болон хоёрдугаар ангидаа маш амжилттай суралцаж байна. Энэ бол үр дүн. Малчдын хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн зорилго маань эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ гэр бүлдээ ажиллах хүсэл сонирхолтой болох юм. Аав, ээжүүд хүүхэдтэйгээ ажиллаж, тэдэндээ цаг гаргаснаар хүүхдийн сурлага, хүмүүжилд эерэг үр дүн гарч байна.

Манай аав, ээжүүд хүүхэдтэйгээ яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Малчид малаа маллангаа хүүхэдтэйгээ хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдгийг бид заасан. Тэд сурсан. Ингэхдээ “Та өөрөө багш” гэсэн нэртэй гарын авлага гаргасан. Хүүхэд гэр бүлтэйгээ байхдаа дасгал ажил хийнэ. Энэ нь “Би чадна" гэсэн гарын авлага юм. Хөтөлбөрт багтсан хоёр гарын авлагын агуулгыг мал аж ахуйтай нь холбож өгсөн. Тиймээс ойлгомжтой, сурахад хялбар байх болно.

Өдөрт дор-хаяж эцэг эхчүүд 20-30 минут хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхдээ хөгжүүлэх хамгийн эхний алхам юм. Ингэж чадах юм бол долоо хоногт хүүхэдтэйгээ 3-4 өдөр хамтдаа байж, сурахад нь дэмжлэг үзүүлж, эцэг эхийн үүргээ биелүүлж ажиллаж байна гэсэн үг” гэсэн юм. Түүнчлэн сум орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг, эхэд мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал асууж лавлахад, мэдээлэл өгөх сургагч багш буюу чиглүүлэгч багш нарыг бэлтгэсэн аж.

Энэ талаар Хүүхдийг ивээх сангийн Боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Урангуа “Малчин эцэг эхчүүд 96 өдрийн турш хүүхэдтэйгээ ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ном, тоглоомын багцыг сум болгонд өгсөн. Сум болгонд 30 багц бий. Хүүхдүүд багцаас аваад суралцах боломжтой. Нэг багцад 4-5 настай хүүхдийн ой ухаан, сэтгэхүй, бүх чадварт нь түшиглэн хүүхдээ хөгжүүлэх арван ном, гурван тоглоом бий. Нэг багц нь давтагдахгүйгээр арван ширхэг байна гэсэн үг.

Арван багцад 30 тоглоом 100 ном орсон. Нийтдээ 96 өдрийн хөтөлбөрийн хүрээнд ном, тоглоомын багцаа авч ашигласны үр дүнд тухайн хүүхэд Монгол Улсын Засгийн газрын сургуулийн өмнөх боловсролын “Цөм” хөтөлбөрт хамрагдаж байна гэсэн үг. Эндээс хүүхэд зургаан чадвар суралцаад сургуульд орох болно. Чиглүүлэгч багш нь 4-5 айлыг хариуцаж эцэг, эх, хүүхдүүдтэй ажиллана” гэсэн юм.

Уг төслийн анхны зорилт Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр 7,500 гаруй бага насны хүүхдийн сургуулийн өмнөх насны боловсролыг сайжруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан бол үүргээ давуулан биелүүлжээ. Одоогоор уг төслийн ачаар сайн сурагч болж мэдлэгийн хоцрогдолгүй суралцаж байгаа 8,000 гаруй хүүхэд байгаа гэнэ.

Малын захад, малчны хотонд ч аймаг, хотын алслагдсан дүүрэгт, хороонд ч сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй гэртээ цоожлуулж эсвэл өвөө эмээгийн хараанд үлдсэн 43 мянган хүүхдийн тал хувь нь ч болов дээрх төслийн ачаар мэдэх ёстойгоо мэдэж, сурах ёстойгоо сураасай. Хүүхдийн сурах эрхийн төлөө хүрээгээ тэлсэн энэ мэт сайн төсөл цэцэрлэггүй үлдсэн хүүхэд бүрт хүрээсэй.

Зураг