Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хариуцлагын сэлмээ ирлээч, ЕРӨНХИЙ САЙД АА

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний итгэл алдрахаас айж байна”.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Өнөөдөр 2018 оны наймдугаар сарын 13. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танд нэхэн сануулахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тамгыг гардаж авахдаа буюу 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр дээрх ам өчгийг өгч байжээ. Харин одоо бол өчгийн тань үнэн хаа байна хэмээн асуух цаг бидэнд ирэв. Ингэхдээ таны амь насны тухай бус гагцхүү ард түмний итгэл алдрахаас айсан тэр айдас тань хэвээрээ юу хэмээн асуумаар байна.

Учир нь, найр наадамд олны сэтгэл хөнгөрдөг зуны энэ өдрүүдэд монголчууд айдсаасаа чөлөөлөгдөж чадсангүй. Зөвхөн айдас ч бус төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй, бүр цаашилбал нэгнийхээ амь насыг хөнөөх хэмжээнд хүрсэн тэр хорслоос жигшин, зэвүүцэж өнгөрөөлөө. Энэ бол Монголын улс төрийн үнэн бодит дүр төрх хэрхэн доройтож, шийдвэр гаргах нь бүү хал ажил явуулах анхан шатны соёл, хүмүүжил үгүй болсны илрэл.

Ийм хүмүүсээс албан үүргийн хариуцлага нэхэж суугаадаа ч яг үнэндээ ичиж байна. Учир нь, ичээж буй хүмүүс нь өнөөгийн төрийн түшээд, төрийн түшмэдүүд. Тиймээс ард түмний айж буй шалтгааныг Танд тов тодорхой илэрхийлэх үүднээс А, Б-гүй тоочин хүргэе. Урт хэл хүзүү ороох гэмтэй ч шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлсэн Таны тангаргийн үгс өнөөдөр хэвлэл мэдээллийн архивт орон зай эзлэн үлдсэн байхад бичигч бид юунаас айж, юунаас эмээх билээ.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд хаяглав

НЭГ: Нялх балчир үрс төдийгүй хүн бүр зуны цэнгэг агаарт тааваараа зугаалж, үлдсэн жаахан цэцэрлэгийнхээ талбайд нарлаж суудаг зуны дэлгэр цагт буюу 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн XI хорооны Эмийн сангийн тогтой хаалганы төмөрт 10 настай хүү амь насаа алдсан. Үүнээс арав хүрэхгүй хоногийн дараа Тэрэлжид дугуй унаад тоглож явсан жаахан охин мөн л тогтой утсанд бүдэрч амиа алдсан. Хоёр хоногийн өмнө гэртээ түгжүүлсэн хоёр хүүхэд цахилгааны холболтоос болж нас барлаа.

Харамсалтай нь, энэ хугацаанд Монголын төр юу хийв. Улсын нийслэлийг захирч суугаа Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Су.Батболд ямар ажил хийв. Ядах нь ээ, ганц сарын хугацаанд улс даяар ил задгай тогны утсыг цэгцлэх аян зарлаж, тэр дагуу хяналт, шалгалт явуулж, хариуцлагажуулав уу. Энэ бол хотын даргаас Улаанбаатарын өнгө үзэмж гоё байх талаар хариуцлага нэхэх тухай яриа биш.

Энэ бол монгол хүн бүрийн амь насыг хамгаалах ёстой гэсэн эрхэм үүрэг биш үү. Тэгэхэд яагаад өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн суудлаа жинхэнэ даргын эрх мэдлээр солихоор улайрснаас бус хотын иргэдийнхээ амь насны төлөө яагаад ажил хийхгүй байгаа юм бэ.

“Аз жаргалтай Улаанбаатар" гэдэг хотынхоо уриа үгийг тэмдэглэлийн дэвтэр, хурлын арын самбар дээр хэрэгжүүлэх төдийхнөөр ажиллаж байгаад нь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Улаанбаатарын хүүхдүүд хаана л бол хаана осолдож, хаана л бол хаана тогонд цохиулж нас барах эрсдэлтэй байхад Улаанбаатар хотын захирагч аз жаргалтай хотын иргэний тухай брэнд лого яриад сууж байгааг яагаад хэн ч зэмлэхгүй байгаа юм.

Энэ асуудал дээр зөвхөн хотын дарга ч бус Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайдтай хариуцлага тооцохгүй байна вэ. Тэрбээр яагаад салбар удирдах эрхийг, төрийн тамга түших хүслийнхээ биелэл болгож авсан шигээ улс орны хэмжээнд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах судалгаа, шалгалт явуулахгүй байна вэ. Яагаад...? Эрчим хүчний салбарын мэргэжилтэн гэдэг ганц үг нь түүнийг салбар хариуцуулсан сайд болгож болох ч эргээд харахад хөлөө жийлцсэн салбарынхаа үнэнг тэрбээр хурцдуулсан уу гэснээс намжаасангүй. Ерөнхий сайд аа, Таны амь насаа хайрлахгүй тэмцэнэ гэж амласан тэр шударга ёсны билэг тэмдгийн дэнсэн дээр айлын балчир үрс амь насаа алдаад байна.

2018 оныг хариуцлагын жил болгож, төрийн албыг дээр дооргүй хариуцлагажуулах тухай урианы чинь ард Монголын гурван сая иргэнээс цаг бусаар, гэнэтийн аюул ослоос болж нэг нэгээрээ хорогдоод байна. Бидэнд тунхаг бус ажил, үр дүн хэрэгтэй байна. Өрөөр, Монголын жирийн иргэдийн хэн нь ч Ерөнхий сайдын тамгыг булаацалдаагүй, МАН-ын даргын эрх мэдлийг танаас дээрэмдэх гээгүй. Ердөө л Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ нэхэж байна.

Үндсэн хуульд заасанчлан төр улс орныхоо дархан хилийг манаж, ард түмнийхээ амь насыг хамгаалах тухай үүргийг танай багаас нэхье. Үүний тулд ядаж, хариуцлага тооцох ёстой өндөр албан тушаалтнуудаа Монголын төрөөс эргүүлэн татаач. Тэд ажлаа хийж чадахгүйн дээр ажлаа хийх тухай сэтгэл ч гаргахгүй байгааг ойлгож ухаараач. МАН-ын Бага хурал дээр Таны хэлсэнчлэн монголчууд хоёр жилийн дараа баяжаад дуусах бус харин энэ янзаараа хорогдоод дуусах нь, энэ янзаараа.

ХОЁР: Вагон осолдсон тухай, авто замын доголдлоос үүдэн гарч байгаа аваар ослын мэдээг мал тооллого шиг тоолсоор л байх уу. Энэ оны тавдугаар сарын 15-ны өдөр Дарханы замд вагон замаасаа гарч осолдсон. Өчигдөр буюу энэ оны наймдугаар сарын 12-ны үүрээр Улаанбаатар Сайншандын чиглэлд мөн л вагон осолдлоо. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ уг осолтой холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ёс зүйн хариуцлага хүлээхээ мэдэгдсэн ч энэ бүх үйл явдал, осол гэмтэл, үхэл хагацал бүгдээрээ салбар нь бүхэлдээ доголдсоны илрэл. Сайд ажлаа өглөө гээд хариуцлага сайжрахгүй, сайд явлаа гээд харьяа яамных нь зөрчил ч арилахгүй.

Үүнд мэдээж Зам, тээврийн яамны нэг газрын дарга нь нөгөөгийнхөө амь насыг хөнөөсөн гэмт хэрэг хариулт болно. Ажил үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн хүүхдийн аав өнөөдөр улс төрийн, улстөрчдийн зөрчлөөс болж амиа алдлаа. Хуучин сайдын үеийн томиллоо, шинэ сайдын томилгоотой зөрчилдсөнийг амиараа баталлаа. Ерөнхий сайдын тамга гардахтайгаа зэрэгцэн Та “Төрийн албанд халаа сэлгээ явуулахгүй” гэж мэдэгдсэн. Хэдийгээр Ж.Бат-Эрдэнэ сайд өчигдөр ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдсэн ч үүнээсээ өмнө “Гэмт хэрэг гарах үед би яаман дээр байгаагүй. Бассейнд сэлж байсан” хэмээн өөрийгөө хамгаалсан. Энэ бол төрийн өндөр албан тушаалтны хувьд ичгэвтэр үйлдэл.

Тэр хүн хаа байсан нь хамаагүй. Харин эв нэгдлийг хангах ёстой салбарын сайд нь хүмүүсээ удирдаж чадахгүй байсны гэм хор нь дээрх гэмт хэрэг юм. Ийм өчүүхэн ёс зүйтэй хүнийг бүхэл бүтэн 200 мянга гаруй гишүүнтэй Монгол Ардын нам сайдаар томилж чадаж байсан нь өөрөө алдаа юм. Цаашлаад Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгсөн ч энэ бол дараа дараагийн яаманд үүсч буй алдааны нэг илрэл юм. Ийм нөхцөлд, томилсон, огцорсон хүмүүсийн үлдээсэн энэ сорвин дээр тэгээд дараа нь хэн ирэх юм бэ. Тэд улстөржилтөөс, намчирхалаас ангид байж чадах уу.

Явж, явж энэ бол улстөрч нэрийн дор амин хувийн эрх ашгаа чухалчлахаас өөрөөр төр, улсаа бодоогүй улстөрчдийн буруу. Үүнээс болоод хамгийн аюулгүй унаа гэгддэг вагонд итгэж суух монголчуудын итгэл алдарч байна. Хөдөө явна аа зам нь там. Вагонд сууя аа вагон нь найдваргүй. Онгоцонд сууя үнэ нь дийлдэхгүй. Ийм байхад яаж жирийн монгол иргэд хөдөө хотоор зугаалж, хилийн дээс алхах юм бэ, Ерөнхий сайд аа. “Замгүй бол хөгжилгүй” гэж ярьдаг атлаа зассан, тавьсан замаа хараач. Ганц борооны ая даахгүй зам тавьсан тэр компаниудтайгаа, захиалагчийн хувиар хүлээж авсан төрийнхөө түшмэдүүдтэй хариуцлага тооцооч. “Зорьсноо хийж, хэлсэндээ хүрдэг Ерөнхий сайд байна” гэсэн үгэндээ хүрээч.

ГУРАВ: “Эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлах болно"... Яг үнэндээ өөрийн тань нүдний өмнө хадаж өлгөн, харамгүй сануулмаар үгийг Ерөнхий сайд Та их олон хэлжээ. Цаашид ч энэ янзаараа үүнээс ч олон удаа хэлэх байх. Дээрх үг мөн л үүний илрэл. Ерөнхий сайдын тамга гардахдаа хэлсэн өгүүлбэр. Гэтэл энэ нүдний цөцгий мэт хайрлаад байгаа тэр эв нэгдэл чинь хаана байна. Наанадаж яам, тамгын газрынхаа гал тогоо руу, сайд, төрийн нарийн бичгийн дарга нарынхаа харилцаа руу өнгийгөөд үз.

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн хуруу дарам яамыг эс тооцвол сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа үздэггүй, Төрийн нарийн бичгийн дарга нь сайдтайгаа ойлголцоогүй тийм жишигтэй болчихлоо. Бүр жишиг шүү. Яг л сайн үйлийг жишээ болгон муу зүйлийг энэ дагуу сайжруулаарай гэдэг шиг тийм жишиг. Үүнийгээ дагаад хуучин, шинэ сайдуудын томилсон газрын дарга нар нь өөр зуураа зөрчилдөөд олон тал руу хараад суучихсан.

Өнгөрсөн долоо хоногийн дээр дурдсан гэмт хэрэг ч үүний жишээ. Азаар нэг л хэрэг гараад өнгөрөөсэй гэж залбирахаас бус одоогийн яамдын дотоод зөрчил илүү олон гэмт хэргийн үүр уурхай болохыг цаашид ч үгүйсгэхгүй. Тэр тухай бодит жишээг яам даяараа, нам даяараа ярилцаж байгаа нь таны чихэнд хүрсэн эсэхийг мэдэхгүй. Төрд түгсэн яриа ховын шинжтэй байж мэдэх ч эцсийн бүлэгт бодит зөрчлөөс урган гардаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гол нь энэ төлөөсөнд нь хэр олон хүүхэд өнчирч, хэр олон гэр бүл хагацлын зовлон амсахыг ч төсөөлөмгүй.

Учир нь, улстөрчдийн овоолсон шорооны оройд гарч, цаад эрэг дээрх усандаа, хоолондоо хүрэх гэсэн хурган дарга нарын зодоон үүгээр дуусахгүй болчхоод байна. Та Ерөнхий сайдаар томилогдох өдрөө мөн л “Ард түмэн ууртай байна” гэж УИХ-ын танхимд хашхирсан. Тэгвэл яг одоо ард түмэн илүү ихээр уурлаж байна. Төрд итгэх итгэл алдарчихлаа. Хоёр жилийн дараа бүх нийтээрээ баяжих тухай ярианаас тань өмнө үрэгдээд дуусахад бэлэн байгаа эрсдэлтэй хувь зохиолдоо уурлаж байна. Төрийн түшээд нь амь насаа хөнөөлцөж байгааг хараад ямар ёс зүйтэй хүмүүс нь төрд гараад байна вэ хэмээн уурлаж байна.

Бидний өмнөөс хэн шийдвэр гаргаад байна вэ гэдэгт эргэлзэж байна. Амьдралын баяр баясгалан бүү хэл унаад босож болох зовлонгийн хэлтэрхийд ч хуруугаа хүргэж чадаагүй атлаа хариуцлагагүй төр засгийн золиосонд амиа алдаж буй балчир үрсийн өмнөөс ард түмэн уурлаж байна. Хариуцлагын жил гэж зарласан 2018 оны тань сэтгэл өвтгөм ослуудад уурлаж байна. Та 2017 оны төгсгөлд хэлсэнчлэн Монголын ард түмний уурлаж байгааг олж харсан байсан. Үгнээс тань ишлэхэд шүү. Харин өнөөдөр монголчууд Монголын төрийг тойрсон энэ бүх хариуцлагагүй, ёс зүйгүй, үл нэгдэх зөрчлөөс болоод уурлаж байгааг Танд дуулгая. Танд сануулъя.

Монголын ард түмэн ууртай байна, Ерөнхий сайд аа. Иймд тэр бүх уурлах шалтгааныг нь бууруулахын төлөө уриа болгож, зарлаад байдаг ХАРИУЦЛАГЫН СЭЛМЭЭ ИРЛЭЭЧ, Ерөнхий сайд аа. Гэхдээ “Сэлэм гялс, толгой бөндөгс” гэдэг киноны хэллэгийг дагаж бус харин хариуцлагагүй албан тушаалтнуудаасаа төрийг цэвэрлээч. Монгол хүний төлөө гэдгээ ядарсан эмгэнд сөгдсөн дулимаг зургаар харуулах бус харин ядруу амьдруулахгүйн төлөө ажиллаач.

Үүний төлөө Таныг МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайдын албыг гуядаж авсан гэдэг өчүүхэн төдий итгэлийн хэлтэрхий өгөөч. Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байна гэсэн амлалтдаа хүрээч. Эс бөгөөс ард түмний танд уурласан уур хэрхэн тэсрэхийг харахад их хугацаа үлдээгүй л болов уу даа.

Зураг