Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ачааны хөлөг худалдааны дайны эхний хохирогч болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

$20 саяын үнийн дүнтэй шар буурцаг ачсан АНУ-ын ачааны хөлөг онгоц Хятадын эргийн ойролцоо сар гаруй хугацаанд нэг байран дээрээ эргэлдэж байна.

Уг хөлгийн тухай мэдээ Хятадын интернэт ертөнцөд дуулиан тариад байгаа юм. АНУ-ын Сиэтл хотоос зургаадугаар сарын 8-нд хөдөлсөн Peak Pegasus нэртэй хөлөг долдугаар сарын эхээр Хятадын зүүн эргийн Далянь хотод хүрэхээр байжээ.

Тэр долдугаар сарын 6-нд 70,000 тонн шар буурцгийг Хятадын боомтод буулгах хуваарьтай байв. Гэвч түүнийг Хятадын боомтод хүрэхээс өмнө Дональд Трамп Хятадын бараанд импортын татвар ноогдуулж, хариуд нь Бээжингийн эрх баригчид ижил хариу арга хэмжээ авсан байна.

Хариу арга хэмжээнд хамрагдсан Америк барааны жагсаалтад шар буурцаг оржээ. Хөлгийг Даляньд хүрэхээс ердөө 5 цагийн өмнө 25 хувийн импортын татвар үйлчилж эхэлсэн байна.

Тэр цагаас хойш Peak Pegasus хөлгийнхөн яах учраа олохгүй эргээс ойр зайд дороо эргэлдсээр байгаа гэнэ.

 
Peak Pegasus хөлгийн сүүлийн нэг сард туулсан зам

Ачааны хөлөг өдөрт $12,500-ын зардалтай ачаа тээвэрлэдэг тул өнгөрсөн сарын хугацаанд нэмэлт зардал нь хэдийнээ $400,000-ыг давсан байна.

Мөн Хятадын 25 хувийн импортын татварыг хүлээн зөвшөөрвөл энэ хөлгийн ачааны тээвэрлэлтийн зардал $6 саяар нэмэгдэх болоод байгаа ажээ. Ийнхүү Peak Pegasus хөлгийг АНУ-Хятадын худалдааны дайны эхний хохирогч гэж хэвлэлүүд нэрлэж байна.

 

Эх сурвалж: Business Insider