Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ган гачигт нэрвэгдсэн Швейцарь улс үнээнүүдээ нисдэг тэргээр усалж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Европын ихэнх хэсгийг хамраад байгаа хэт халалтын улмаас ганд нэрвэгдсэн Швейцарь улсын арми мянга мянган үнээг услахын тулд нисдэг тэргээр ус тээвэрлэж эхэлжээ.

Энэ долоо хоногоос армийн Super Puma нисдэг тэрэгнүүд улаан өнгийн хуванцар савтай усыг Альпийн нурууны бэлд байдаг фермүүдэд хүргэж эхэлсэн байна.

Швейцарийн баруун хэсгийн өндөрлөг бүсэд бэлчдэг 40,000 орчим үнээ усны хомсдолд оржээ. Үнээ нэг бүр хоногт 150 литр хүртэл ус хэрэглэдэг юм байна.

 

Баасан гарагаас эхэлж засгийн газар тусгай дуудлагын утас ажиллуулж эхэлсэн бөгөөд усны гачигдалд орсон фермерууд энэ утас руу залгаж, ус захиалдаг болжээ.

Үүнээс гадна ган гачигтай тэмцэхэд нь зориулж засгийн газар хүүгүй зээл, хөнгөлөлттэй импортын татварыг фермерүүдэд үзүүлж эхэлсэн байна. Засгийн газрын төлөөлөгч Швейцарь улс 1921 оноос хойш анх удаа ийм ган гачигт нэрвэгдээд байгааг мэдээлжээ.

Мөн агаарын хэт халалтаас болж Рейн мөрөнд амьдардаг нэгэн төрлийн хадран загаснууд олноор үхэх болсон байна. Хүйтэн усанд амьдардаг энэ амьтад усны температур Цельсийн 20 хэмийг давснаас шалтгаалан олноор үхэж үрэгдэж эхэлжээ. Рейн мөрний зарим хэсэгт усны температур 27 хэм хүрсэн байна.

2003 оны зун болсон их халалтын үеэр Швейцарийн хадран загасны тоо толгой 90 хувиар хорогдсон түүхтэй. Загаснуудыг аврахын тулд эрх баригчид тэднийг хүйтэн устай цөөрөм рүү тээвэрлэх ажлыг мөн зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: Reuters