Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Испаний сөнөөгч онгоцноос санамсаргүй харвасан пуужинг Оросын хилийн ойролцоо эрэн хайж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Испаний агаарын хүчний Eurofighter Typhoon сөнөөгч онгоц Балтийн тэнгист сургуулийн нислэг гүйцэтгэж байхдаа санамсаргүй пуужин харважээ.

Өчигдөр үдээс хойш Эстоний зүүн өмнөд хэсэгт нисч байхдаа уг пуужинг алдаж харвасан бөгөөд дараа нь эрэн хайх ажиллагаа эхэлсэн ч олдоогүй байгаа гэнэ.

Харвасан пуужин нь АНУ-ын Raytheon компанийн бүтээсэн AMRAAM нэртэй дунд тусгалын агаар-агаар ангиллын зэвсэг юм. Сургуулийн нислэгийг ОХУ-ын хилээс 96 км-ийн зайнд гүйцэтгэж байжээ.

Пуужинг Эстоний Тарту хотоос хойш 40 км зайтай цэгээс хойд зүгийг чиглүүлэн харвасан гэнэ. 3.6 метр урттай пуужингийн траектор, газардсан цэг мэдэгдэхгүй байгаа ажээ.

Энэ пуужин нь 100 км зайнд 22 кг орчим хэмжээтэй цэнэгт хошууг хүргэх чадвартай. Алдаа гаргаж харвасан тохиолдолд ажиллах өөрийгөө устгах горим пуужинд байдаг ч өчигдрийн тохиолдолд идэвхжсэн эсэх нь тодорхойгүй байна.

Эстоний батлан хамгаалах яам нисдэг тэргээр пуужинг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд орон нутгийн иргэдэд хэрвээ олдвол ойртож болохгүйг хатуу анхааруулжээ.

Эстоний ерөнхий сайд Юри Ратас “Бурхны авралаар хүний амь эрсдээгүй байна” гээд уг явдлыг “дэндүү харамсалтай” тохиолдол гэж фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Мөн тус улс пуужинг олж илрүүлэх хүртэл агаарын орон зайдаа ямар ч цэргийн сургуулилалт явуулахыг хоригложээ.

Испаний батлан хамгаалах яам мөн хэргийг шалгаж эхэлсэн байна. Латви, Литва, Эстони улсууд НАТО-д элссэний дараа тус эвсэл 2004 оноос эхлэн Балтийн тэнгисийн сав газарт тогтмол байлдааны сургуулилалт хийх болсон юм. Гишүүн орнууд ээлж ээлжээр энэ бүс нутагт үүрэг гүйцэтгэж байна.

Испаний талаас 135 цэрэг, Eurofighter сөнөөгч онгоцнууд тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31 хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider