Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хоккайдо арал шинэ нэртэй болсныхоо 150 жилийн ойг тэмдэглэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы дөрвөн том арлын нэг болох Хоккайдо албан ёсоор одоогийн нэрээр нэрлэгдэх болсны 150 жилийн ойгоо өчигдөр буюу Ням гарагт тэмдэглэжээ.

Саппоро хотод болсон арга хэмжээнд Японы эзэн хаан хатны хамт оролцсон байна. 1869 оны наймдугаар сарын 15-нд энэ арлыг Хоккайдо хэмээн нэрлэж, Японы засгийн газрын мэдэлд албан ёсоор шилжүүлсэн юм.

Ойн арга хэмжээнд тус арлын уугуул иргэд болох Айну хүмүүсийн соёлыг үзүүлсэн уран сайхны тоглолтууд багтжээ.

Өмнө нь Эзо гэж нэрлэгддэг байсан Хоккайдо аралд 19 дүгээр зууны аялагч Такеширо Мацуура зургаан удаа аялж, газар орны байдал, Айну хүмүүсийн соёл, ёс заншлын тухай анх бичиж байв.

Мэйжийн засгийн газар тухай үед аралд шинэ нэр өгөхдөө Мацуурагийн саналыг тусгаж байсан гэдэг. Энэ явдлын дараа Хоккайдод Хоншү, Шикоку, Кюшү арлуудаас хүмүүс нүүдэллэн сууж, Айну хүмүүсийг шахаж, Япон хэл соёлд уусгах бодлого явуулж эхэлсэн юм.

Айну хүмүүсийг тус арлын уугуул оршин суугчид гэдгийг ч албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. 2008 оны зургаадугаар сард Японы парламент Айну хүмүүсийг Хоккайдо арлын уугуул иргэд гэдгийг хүлээн зөвшөөрөхийг засгийн газарт зөвлөсөн шийдвэр гаргаж байв.

Одоо Хоккайдо арлын хойд эргээс холгүй байрладаг Шикотан, Кунашири, Эторофу, Хабомай дөрвөн арлыг Япон улс өөрийн газар нутаг хэмээн үзэж, эзэмшлийн асуудлаар ОХУ-тай маргадаг юм.

Өнгөрсөн сард Кунашири, Эторофу арлын оршин суугч асан иргэд засгийн газрын төлөөлөгчидтэй хамт маргаантай арлууд руу тусгай үүргийн онгоцоор зорчиж, төрөл төрөгсдийнхөө булшийг эргэжээ.

Эдгээр арлуудад усан онгоцоор хүрэхэд хэцүү, цаг агаарын байдал ихэнхдээ нөлөөлдөг тул агаараар зорчих асуудлыг иргэд засгийн газартаа тавьж байв. Удаан яригдсан уг асуудал өнгөрсөн онд шийдэгдэж, анхны тусгай үүргийн онгоц есдүгээр сард нисэж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times