Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

МАН: М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
 

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж хэд хэдэн асуудал шийдвэрлэсэн талаараа мэдээлэл хийлээ. 

Тус хурлаас гарсан шийдвэрийг хорооны  дарга Д.Батбаатар танилцуулсан юм. Тэрбээр "60 тэрбумын асуудалд нэр холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох тухай Ёс зүйн хорооны дүгнэлтийг батлах асуудал байсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй энэ асуудал хоёр сонгууль дамжин яригдсан. Хууль хяналтын байгууллагууд уг хэргийг шалгаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдээгүй байна гэх шийдвэрээ гаргасан. 

Гэхдээ үүн дээр нэг зүйлийг зориуд нэмж хэлмээр байна. Манай нам үндсэн дүрэмдээ албан тушаалыг худалдах, авлига хээл хахууль авахгүй байх тухай заасан байдаг. Харамсалтай нь тухайн үед Нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, Нийслэлийн намын хорооны тэргүүлэгч, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх А.Ганбаатар нар иймэрхүү асуудал байж болох уу гэж ярилцсан. Түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн. Улс төрийн сонгуулийн үед иймэрхүү асуудлыг заавал намын удирдлагуудтай зөвшилцөх ёстой байдаг учраас тухайн үеийн намын дарга М.Энхболдод танилцуулсан гэдэг. М.Энхболд уг асуудлыг хүлээж аваагүй. Тийм учраас МАН 60 тэрбумын гэх асуудалд улс төрийн хүчнийхээ хувьд оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Гэхдээ намын дүрэм зөрчиж намын дүрэм зөрчиж, нэр хүндэд нь сэв суулгасан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гишүүдийг ёс зүйн алдаа гаргасан хэмээн Хяналтын ерөнхий хороо дүгнэж, ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн" гэв. 

Даваа гарагт МАН-ын Хяналтын ерөнхий хорооны  дарга Д.Батбаатар мэдээлэл хийсний дараа иргэн Г.Доржзодовоос тус хороонд 60 тэрбумын асуудлын хүрээнд мэдээлэл, материал хүргүүлжээ. Гэсэн ч дээрх хэрэг хууль хяналтын байгууллагуудаар шалгагдсан учраас МАН-ын Хяналтын ерөнхий хорооны зүгээс онцгой анхаарал шаардлагагүй гэж үзсэн байна. 

МАН дотоод дүрэм журмаараа улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, намын бага хурлаас чөлөөлөх, асуудал ноцтой бол гишүүнээс хасах гэх мэтээр ёс зүйн хариуцлага тооцдог юм байна. 

Хорооны  дарга Д.Батбаатараас дээрх нэр бүхий гишүүдэд яг ямар хариуцлага ногдуулж байгааг тодруулахад, "Ц.Сандуй, А.Ганбаатар нарт байж боломжгүй асуудлыг судалж, сонирхож үүндээ намын нэр хүндийг хутгаад зогсохгүй үүнийгээ "Бид ингэсэн нь үнэн" гэж хүлээн зөвшөөрсөн учраас харьяалагдах намын байгууллагуудад нь бага хурлын гишүүнээс хасуулах асуудлыг тавихаар болсон. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин М.Энхболд гишүүний хувьд худлаа гэдэг нь тогтоогдсон хэдий ч намынхаа нэр хүндэд сэв суулгасан ийм асуудалд нэр холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн хүсэлтээ бичгээр Хяналтын хороонд ирүүлсэн. Бид уг асуудлыг нухацтай авч үзээд ёс зүйн алдаа гаргасан нь үнэн учир асуудлыг түүний харьяалагдах намын удирдах зөвлөлд тавьж, хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.