Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдыг Монголд дуудаж уулзжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудсан байна. 

Энэ нь Монгол дахь Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайг хулгайлахыг оролдсон гэх хэрэгтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээллээ. 

Турк улсын ЭСЯ-наас мэдэгдэл гаргаж "Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа хэмээн нэрийдэж байгаад БНТУ гүнээ харамсаж байна. БНТУ эдгээр үндэслэлгүй мэдээллүүдийг эрс няцааж байна... 

...ФЕТО террорист байгууллага нь Монгол Улсад өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист бүтэц юм" хэмээн мэдэгдээд буй.

Элчин сайд Р.Болдыг эх оронд дуудан ирүүлсэн нь Туркийн талаас илэрхийлж буй дээрх байр суурийн эсрэг манай талаас үзүүлж буй хариу үйлдэл бололтой. 

Турк улсын хийсэн алхмаас болж хоёр орны харилцаанд тодорхойгүй, ойлгомжгүй байдлууд үүсэх магадлалтай болоод буйг албаны эх сурвалжууд мэдээлж байна. 

Манай хууль хяналтын байгууллагаас уг хэрэгтэй холбогдуулан ажлын хэсэг гарган шалгаж байгаа ч хулгайлсан гэх этгээдүүдийг олж тогтоогоогүй байгаа талаар хууль, хяналтын байгууллага мэдээлж буй. 

Баттай эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Вейсел Акчайг хулгайлагдсан гэх өдөр Улаанбаатарт газардсан Туркийн TT4010 онгоцонд таван хүн байсан гэж мэдээлж байгаа ч тэд Монголын гаалиар нэвтрээгүй бүр онгоцны хаалгаа ч нээгээгүй учир дипломат харилцааны үүднээс онгоцны хаалгыг хүчээр онгойлгож шалгалт явуулах боломжгүй байжээ. 

Тиймээс ч тус онгоцонд байсан таван хүний дунд Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы бие төлөөлөгч байсан эсэхийг нягтлах боломжгүй байсан аж.  Тус онгоц дипломат шуудан авчирсан гэж эхэлж мэдүүлсэн талаар эх сурвалжууд дурдаж байв. 

Ямартай ч Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдыг Гадаад Харилцааны сайд дуудаж уулзаж тодорхой чиглэл өгөн буцаасан байна.