Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бага хурал ирэх Даваа гарагт эхэлж нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийднэ

Б.Ану
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2018.4.28, СЕХ

Эрх баригч Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдсэн байна. 

Юутай ч тэд ирэх Даваа гарагт намын ээлжит Бага хурлыг товлон хуралдуулахаар болжээ. Бага хурлаар УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрийг гаргах зорилготой.

Хэрэв ирэх долоо хоногт хуралдах МАН-ын Бага хурлаас нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргавал наймдугаар сарын сүүлээр дахин хуралдаж хуулийн дагуу нэр дэвшигчээ тодруулах юм байна. 

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42-р тойрог дахь нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулахаар УИХ шийдвэрлээд буй. Гэхдээ хугацааны хувьд өөрчлөлт орох магадлалтай байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуультай холбогдуулан Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байгаа билээ. 

Ямар ч байсан МАН-ын хувьд сонгуульд оролцох эсэх, нэр дэвшигчээ тодруулах зэргээ ийнхүү хуулийн хугацааны дагуу эхлүүлж байгаа ажээ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хэнтийд өрсөлдөх хүнээр МАН-ын дарга У.Хүрэлсүх яригдаж байсан ч тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

 
А.Энхзул,

Өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлын хувьд мөн намын зарим албан тушаалтныг томилжээ. Тухайлбал, Хэвлэл мэдээлэл, технологи, олон нийттэй харилцах газрын даргаар А.Энхзулыг, Улс төрийн намын байгуулалтын газрын даргаар Н.Батсүмбэрэлийг томилжээ. 

Ирэх Даваа гарагт эхлэх МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдэхээс гадна 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш дуулиан тариад байгаа "60 тэрбум"-ийн хэргийн талаар хэлэлцэгдэж магадгүй гэсэн хүлээлт байна.