Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Болорчулуун: Долоодугаар сарын бороо ургацад ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун энэ сард үргэлжлэн орж байгаа бороо ургацад хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулга өгчээ. 

Тэрбээр "Долдугаар сар гарсаар төвийн бүс нутгаар нилээд их хур тунадастай байна. Гэхдээ долоо, наймдугаар сар бол борооны улирал. Тиймээс одоо ургаж буй тарималд долдугаар сарын бороо эерэгээр нөлөөлнө үү гэхээс сөрөг зүйл байхгүй. 

Харин наймдугаар сарын сүүлээр ингэж бороошвол ургац хураалтад хүндрэлтэй байдаг. Бүр ургац хураалтын ажил хойшлох, үүнээс болж ургац хатах, чийгийг нь хатахыг хүлээх зэрэг хүндрэлтэй олон асуудал гарч ирдэг. Түүнээс биш одоо орж байгаа бороо ургацад ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ч ургац, хадлангийн талбайн өвсний массыг нэмэгдүүлэх, бэлчээр сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой. 

Ирэх сарын 20-ноос эхэлж мэргэжлийн хүмүүс тариалангийн бүс нутгуудаар явж, ургац тогтоолтын ажил хийдэг. Үүний дараа ургацын урьдчилсан баланс гарна. Тэр үед л хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болно. Одоо ид ургалтын үедээ явж байгаа учраас урьдчилсан дүн мэдээг өгөх боломжгүй. 

Өнөөдрийн байдлаар газрын гарц, ургац боломжийн хэмжээнд байна. Өнгөрсөн хавар бид төлөвлөгөөндөө хүрч тариалалт хийсэн. Үр тариа, улаанбуудай харьцангуй багассан. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын сүүлийн арав хоногийн хэт халалт, хуурайшилттай холбоотой гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр бид төлөвлөснөөрөө тариалалтаа авч чадах юм бол дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах нөхцөл үүснэ. 

Юутай ч энэ намар төлөвлөснөөрөө ургацаа авахын төлөө ажиллаж байна" гэжээ.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ