Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оюундарь: АТГ-ын даргыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган хуралдуулахаар УИХ-ын дарга М.Энхболдод хандсан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга ч ээлжит бус чуулган хуралдуулах саналаа хоёр удаа хүргүүлсэн. Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Нэр бүхий гишүүд Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахын тулд ээлжит бус чуулган хуралдуулъя гэж санал гаргасан байна лээ. Миний хувьд ийм асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Угтаа бол шүүхийн байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага нь гурван өөр институт учраас бие биедээ хяналт тавиад явах ёстой. Хэрэв гүйцэтгэх засаглал хяналт тавиулахгүй гэж байгаа бол шүүхийн байгууллагын хэрэг байхгүй. Хэрвээ хууль тогтоох байгууллагын гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй бол гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага байсны хэрэггүй. Тэгэхээр энэ асуудлаар хамаагүй оролдож болохгүй юм. Мөн Авлигатай тэмцэх тухай хуульд гурван үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын даргыг хугацаанаас нь өмнө огцруулахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, өвчтэй, гэмт хэрэг холбогдсон, өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр л Авлигатай тэмцэх газрын даргыг хугацаанаас нь өмнө солино гэсэн үг. Тиймээс УИХ хуулиас давсан зүйл хийж болохгүй.

УИХ хуулиас давсан зүйл хийж болохгүй.

-Хэрвээ одоо АТГ-ын даргыг огцруулахаар УИХ хуралдвал хууль зөрчинө гэсэн үг үү?

-Тийм. Үндэслэлүүдийг нь харах хэрэгтэй л дээ. Дахин хэлэхэд өвдсөн, гэмт хэрэгт холбогдсон, өөрөө хүссэн тохиолдолд л огцруулах хуультай байхад ингэж болохгүй байх.

-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар УИХ тогтоол гаргасан. Гэвч УИХ-ын тус тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гурван хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна лээ. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх боломжтой гэж үзэн Дунд суудлын хуралдаанаараа шийдвэрлэхээр болсон. Үнэхээр УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн юм уу?

-УИХ-ын тогтоолыг Сонгуулийн тухай хуультай зөрчилдөж байгаа гэсэн байна лээ. Нөхөн сонгуульд нэр дэвшигч болон нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Үндсэндээ УИХ-ын тогтоол бол хуулийн дагуу гарсан. Ямар нэгэн асуудал байхгүй. Харин олон жилийн өмнө баталсан Сонгуулийн тухай хууль ийм учир дутагдалтай гэдэг нь одоо мэдэгдэж байгаа юм.

-Хүний эрхийн дэд хороог та даргалахаар болсон. Тус дэд хорооны хийх томоохон ажлууд юу байна вэ? 

-Чуулган завсарлахын өмнөхөн би Хүний эрхийн дэд хорооны даргаар томилогдсон. Тиймээс хоёр гишүүний хамтаар Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцсан. Бидний намрын чуулганаар хийх хамгийн чухал ажил нь хүний эрхийн тайланг хэлэлцүүлэх байна. 

Өмнө нь бид хүний эрх, эрх чөлөөний XVII илтгэлийг хэлэлцүүлж байхад эмэгтэйчүүд, хүүхдийн эрх маш их хөндөгдөж байгаа талаар ярьсан. Энэ удаагийн тайланд ч энэ асуудал нэлээд дурдагдана. Мөн ажлын байран дахь бэлгийн дарамт, хорих ангиудтай холбоотой асуудлууд бий. Одоо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагуудтай ээлжлэн уулзалт хийхээр төлөвлөж байна. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хохирлын мөнгөн дүнг гаргахад их хүндрэлтэй байдаг. Тиймээс хүний эрх, эрх чөлөөний байдлыг ярихдаа хохирлын талаар нэлээд анхаарна. Би бас Согтууруулах ундаа, мансууруулах бодистой тэмцэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.

Тиймээс энэ чиглэлээр нэлээд хэдэн аймагт хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвхөн хэлэлцүүлэг хийгээд зогсохгүй архинаас гарах хүсэлтэй ч хараат болчихсон хүмүүсийг бүлэг болгож, архинаас гаргах талаар ажиллана. Улсын болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч, таван хүнийг ч гэсэн архинаас гаргахыг хичээнэ. Одоогоор бүсчилсэн байдлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Нэг жишээ дурдахад, Өмнөговь аймагт автомашины жолооч нар “Мими” гэх бодисыг нойр хүргэхгүй байх зорилгоор хэрэглэдэг юм билээ. Тэр бодис нь өнөөдөр, маргаашдаа нойр хүргэхгүй, унтуулахгүй байж болох ч цаагуураа эрүүл мэнд, үр удамд нь хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь том асуудал болно. Чуулганы завсарлагааны хугацаанд энэ ажлыг нэлээд явуулна даа. Гэхдээ одоо амралтын хугацаа эхэлчихсэн болохоор хот, хөдөөгүй л бүгд амарч, найр наадмаа хийж байна. Тиймээс амралтын дараагаас ажилдаа ханцуй шамлаад л орно доо.

-Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Гэхдээ эмэгтэй гишүүд бүлэг байгуулсан ч гэлээ аливаа асуудалд нэгдэж дуугарч чадахгүй байна гэсэн шүүмжлэл явах боллоо. Та үүнд тайлбар хэлэх байх?

-Миний бодлоор манай эмэгтэйчүүд их зүйл хийж байгаа. Харин хийсэн зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд төдийлөн хүргэж чаддаггүй юм байна. Үе үеийн парламентад байсан эмэгтэй гишүүд чадлаараа л ажил хийсэн. Зөвхөн миний жишээ гэхэд хоёр парламентад хэлэлцүүлж чадаагүй Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн ажлын хэсгийг ахлаад батлуулсан. Энэ мэтээр хамтарч ажил хийж л байна. Олон улсын байгууллагуудтай уулзаж, ард иргэдэд туслах талаас нь харж байгаа шүү дээ. Нөгөө талаас хүмүүс чинь пи ар сайн хийдэг юм байна. Эсвэл ард түмэн илүү ихийг хүсч байсан байх.  Түүнд нь хүрч ажиллаж чадахгүй л байгаа юм байлгүй дээ. Ямар ч гэсэн дор бүрнээ өөр өөрсдийнхөө ажлыг хийж л байна. А.Ундраа гишүүн л гэхэд дэлхий нийтийн кампанит ажлыг Монголд нэвтрүүлж чадлаа шүү дээ. Урд нь үүнийг хэн нэвтрүүлж чадсан юм бэ. Өмнөх парламентуудаас хэн ч чадаагүй шүү дээ.

-Чуулган завсарлахаас өмнө та Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийн гол зохицуулалт нь юу вэ. Яагаад энэ хуулийг санаачлах болов?

-Энэхүү хуулийн гол зорилго нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Манай улсын хууль, тогтоомжид нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар хууль эрх зүйн үндэслэлийг тусгахдаа зохицуулах харилцааг хэт явцуу тодорхойлсон байдаг. Үүнээс шалтгаалж бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн дунд тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, шинэ технологи нэвтрүүлэхэд хууль эрх зүйн цогц арга хэмжээ дутагдалтай байгаа юм. Тиймээс эдгээр асуудлын шийдлийг тусгасан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулсан.

Хуулийн төсөлд үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэлгийн эс авах, үр хөврөлийг хадгалах, хөлдөөх, гэсгээж суулгах, устгах зэрэгт тавигдах шаардлагуудаас гадна донороос бэлгийн эс авах, үр шилжүүлэн суулгах асуудлын зохицуулалтыг тусгасан. Мөн тээгч эхтэй холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг оруулсан байгаа.

Яагаад энэ хуулийг санаачилсан бэ гэхээр нэгдүгээрт, тээгч эхийн харилцаа Монголд аль хэдийн бий болчихсон. Гэтэл үүнийг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн эмнэлэг, үйлчлүүлэгч, хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эрх зүйн орчинг бүрдүүлж, Донорын тухай хуультай холбочихвол эмнэлгүүдийн хариуцлага нэмэгдэнэ. Хосуудын хувьд ч баталгаатай болно. Хоёрдугаарт, олон хүн эмчилгээний журмаар гадаад руу явж байна. 2016 онд 4700, өнгөрсөн онд 4500 орчим хүн эмчилгээний виз авсан байна лээ.

Нэг жилийн дотор Солонгосын нөхөн үржихүйн нэг эмнэлгээр л гэхэд Монголын 600 хос үйлчлүүлсэн.

Нэг жилийн дотор Солонгосын нөхөн үржихүйн нэг эмнэлгээр л гэхэд Монголын 600 хос үйлчлүүлсэн байгаа юм. Үүнээс тооцож үзэхэд нэг хүнээс хамгийн багадаа 3-10 сая төгрөг гарна. Гэтэл энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээг Монголдоо хийх боломж шинжлэх ухааны хувьд ч, лабораторийн хувьд ч бүрдсэн байгаа. Тиймээс энэ хуулийг баталбал нэг талаас гарч байгаа валютын урсгалыг зогсоох, нөгөө талаас гадны валютыг ч татах боломж бүрдэнэ.

Гуравдугаарт, тээгч эхээс төрсөн хүүхдийн бичиг баримтын асуудал гардаг. Эсээ өгч тээлгүүлсэн хүний хүүхэд үү, эсвэл тээсэн хүний хүүхдээр бүртгэх үү гэх мэт асуудал үүсдэг. Тиймээс эдгээр харилцааг хуулийн зохицуулалттай болгох үүднээс хуулийн төслийг санаачилсан юм. 

-Тухайлбал, тээгч эхтэй холбоотой ямар зохицуулалт тусгасан бэ? 

-Тээгч эхээр хүүхдийг тээлгүүлэн төрүүлэх харилцаанд тавигдах шаардлага, захиалагч эцэг, эх болон тээгч эхэд тавигдах шаардлага, тэдний хооронд байгуулах гэрээнд зайлшгүй тусгах заалт, тээгч эхээр хүүхэд төрүүлэхэд хориглох зүйл, үүний нууцлал зэргийг оруулсан. Үндсэндээ тээгч эхээр хүүхэд тээлгэх, нөхөн үржихүйн бусад аргыг хэрэглэн хүүхэдтэй болохоос аргагүй нөхцөл байдалтай олон хүн байна. Тухайлбал, хавдраар өвдөж, химийн эмчилгээ хийлгэвэл өндгөн эс дахиж боловсордоггүй. Тиймээс тухайн өвчтөнийг химийн эмчилгээнд орохоос өмнө өндгөн эсийг хөлдөөж, хадгалаад өндгөн эсийн банк үүсгэх юм. Химийн эмчилгээгээ хийлгэж, хавдраа эмчлүүлсний дараа хөлдөөж, хадгалсан өндгөн эсийг ашиглаад тухайн хүнийг хүүхэдтэй болгох боломжтой болох юм.

-Одоо хуулиар бол хүүхдийн бичиг баримтыг тээж төрүүлсэн ээжээр нь овоглодог юм билээ. Таны санаачилсан хуулийн төслөөр үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Гэрээгээр л хийх боломжтой. АНУ, ОХУ-д тээгч эхийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хийдэг юм билээ. Тиймээс гэрээгээр хийх боломжтой гэдгийг нь хуульчилж өгчихвөл болно. Харин хуульчлахгүйгээр зөвхөн гэрээгээр зохицуулна гэвэл болохгүй. Магадгүй есөн cap хүүхэд тээсэн хүн чинь эх үрийн холбоо үүсээд хүүхдээ егөхгүй гэхийг ч үгүйсгэхгүй. Мөн монгол хүнээр гадаад хүн тээгч эх болгох зохицуулалтыг хориглож байгаа. 

-Гадаад хүн тээгч эх болох боломжтой юу?

-Боломжтой.

-Тээгч эхийг бизнесийн зорилгоор ашиглахгүй гэж байгаа. Үүнд хэрхэн хяналт тавих юм бэ?

-Ямар ч гэсэн үнэ төлбөргүй байхаар хуульчилж байгаа. Сайн дурын үндсэн дээр гэсэн үг. Ингэхгүй бол мөнгө олох хэрэгсэл болгож болзошгүй. Монголд бол ах, дүү, хамаатан саднаа тээгч эх болгодог юм билээ.

-Тээгч эх болоход тодорхой хэмжээний шалгууртай гэсэн. Үүнээс дурдвал? 

-Тээгч эхийг хэрхэн сонгох, ямар хүн тээгч эх байх ёстой гэдгийг хуульд маш тодорхой зааж өгсөн. Хүн бүхэн тээгч эх байхгүй гэсэн үг.

Тодруулбал, тээгч эх нь өмнө нь хүүхэд төрүүлсэн, тээлгэгч талын ойрын хамаатан садан байхаар төсөлд тусгасан. Эмнэлэг өөрөө тээгч эхийг санал болгох, тээгч эх болох хүний нөөц бүрдүүлэхийг хориглоно. Хэрэв тэд хэн нэгнийг санал болгох эрхтэй болбол тээгч эх болж хүүхэд тээх нь мөнгө олох арга хэрэгсэл гэж үзнэ.

Ийм байдалд хүргэхгүйн тулд гэр бүлүүд тээгч эхээ өөрсдийн төрөл садны хүмүүс дотроос сонгоно. Төрөл саднаас боломжтой хүн байхгүй эсвэл татгалзаж буй тохиолдолд бусдын бэлгийн эсийг тухайн хүний зөвшөөрөлтэйгөөр донор болгон авч болно.

-Хуулийн төслийг боловсруулахдаа нэлээд судалгаа хийсэн байх. Манай улсад нөхөн үржихүйн асуудалтай буюу үргүйдэлтэй хэчнээн хүн байдаг вэ?

Манай улсын хувьд түүврийн аргаар 4,000 хүнээс судалгаа авахад 7.5 хувь нь үргүйдэлтэй гэсэн дүн гарсан. Судалгаанд хамрагдаагүй, далд байгааг тооцвол 10-11 орчим хувь нь үргүйдэлтэй гэж үзсэн байдаг. Насны ангиллаар нь авч үзвэл 25 хүртэлх насанд 3.7 хувь, 25-29 насанд 4.7 хувь зэргээр нас ахих тусам үргүйдлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийнхэн хэлдэг.

Манай улсын үргүйдэлтэй иргэдийн дийлэнх нь 30-44 насны хүмүүс байгаагийн 35 хувь нь эрэгтэй хүнээс хамааралтай байдаг. Энэ нь үргүйдлийн шалтгаан зөвхөн эмэгтэй хүнээс хамаардаггүй гэдгийг харуулж байгаа юм. Эрэгтэй хүмүүсийн хувьд эмнэлэгт үзүүлэх нь ховор учраас өөрийгөө үргүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх хэлэлцүүлгийн үеэр эмч нар хэлж байсан.

-Чуулганы завсарлагаагаар гишүүдийн зарим нь амарч, зарим нь тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд чуулганы завсарлагааг хэрхэн өнгөрөөж байна вэ. Тойрогтоо очсон уу? 

-Тойрогтоо ажиллалаа. Энэ хугацаанд Германы “Хил хязгааргүй эмч нар” төрийн бус байгууллагынхантай хамтарч, тойргийнхоо иргэдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийг эмчлэх тал дээр анхаарлаа.

Мөн Туркийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд Шаамар суманд зөгийн балны аж ахуй байгуулах гэж байна. Зөгийн балыг Монголын брэнд болгох зорилготой. Үүнээс гадна Хүдэр болон Жавхлант суманд малчдын өдөрлөг зохион байгуулсан. Малчдын өдөрлөгөөр Засгийн гараас мал аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, цаашид авах авах арга хэмжээнүүдийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, онолын үндэслэлтэйгээр мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаар Хөдөө аж ахуйн их сургуулийнхан мэдээлэл өгсөн. Түүнчлэн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан олон сургалт эхэлсэн байгаа. Тухайлбал, иог, бүжиг, англи хэл, компьютер, бизнес төсөл боловсруулах зэрэг 4 сургалт хийж байгаа.

Мөн Сэлэнгэ аймгийн төв болон сумдад оёдлын цех байгуулж, эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Ирэх сард боловсролын салбарынхны чуулга уулзалт, эмнэлгийн ажилтнуудын уулзалт хэлэлцүүлэг хийнэ. Саяхан Алтанбулагт байрлах цагдаагийн хэсгийн орон тоог нь нэмүүллээ. Алтанбулаг маш их ачаалалтай байдаг. Нэг өдөрт л гэхэд 2000 иргэн, 800 орчим автомашин хилээр зорчиж байна. Энэ бүхэнд хяналт тавих, иргэдийг хамгаалах, хэв журам сахиулах үүднээс цагдаагийн хэсгийн орон тоог нь нэмүүлэх зайлшгүй шаардлага байсан юм.

Зураг