Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарын Элчин сайдын шагналыг залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун хүртлээ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа.

Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Харин хоёрдугаар байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарсан. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ.

 

Швейцарын Элчин сайд Жан Жак дэ Дардел хэлэхдээ "Би Монголын урлагийн салбарт үнэлэмж бага, уран бүтээлчдэд хэрэгтэй дэмжлэг байхгүй байгааг олж харсан. Тиймээс юуны өмнө өөрийнхөө чадах зүйлээс тусалъя гэж шийдэж Монголын урлагийн салбарыг дэмжиж эхэлсэн. Монголд ирэх болгондоо сэтгэл зүрхэндээ энэ салбарт дэмжлэг үзүүлье гэж боддог байсан. Монгол-Швейцарын харилцааг хөгжүүлэхийн тулд урлагийн салбарыг бага ч атугай хөгжүүлье гээд ажил хэрэг болгосон юм. Ингээд Швейцарын элчин сайдын нэрэмжит шагналыг бий болгосон юм. Энэ санааг ажил хэрэг болгоход хоёр жил зарцуулсан" гэлээ.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчид уран зураг, баримал, өрөг, үйлдэл, видео, фото, саунд зэрэг урлагийн чиглэлээр бүтээлээ илгээж, жилд нэг удаа нэг залуу уран бүтээлчийг шалгаруулан, Швейцарын урлаг соёлын сургуульд суралцуулах, суралцах явцдаа туурвисан бүтээлийнх нь каталогийг  хэвлүүлэх боломжийг олгох юм байна. 

Шалгарсан уран бүтээлчид авьяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчидтэй холбогдох, тэдэнд өөрийн уран бүтээлээ танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгох аж.