Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскын “хэрүүл”-ийн дараа Теслагийн үнэлгээ $2 тэрбумаар унажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үерт автсан Тайландын агуйгаас хүүхдүүдийг аврахад чухал үүрэг гүйцэтгэсэн Британий мэргэжилтнийг “хүүхэд сонирхогч” хэмээн үндэслэлгүй доромжилсон Илон Маскын үг Тесла компанийн хувьцааны үнэнд нөлөөлжээ.

Даваа гарагийн байдлаар цахилгаан машин үйлдвэрлэгч Теслагийн хувьцаны үнэ 3.5 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь $2 тэрбум орчим хасагдсан байна.

Британий агуй судлаач Вернон Ансвортын гаргасан агуйн зураглалын тусламжтайгаар хүүхдүүдийн байгаа байрлалыг тодорхойлж, дараа нь шумбагчид аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн юм.

Илон Маск өөрийн компанийн зохион бүтээсэн шумбагч машиныг Тайланд руу илгээсэн ч аврах ажиллагаа нэгэнт эхлээд байсан тул ашиглаагүй байна. Ансворт хэвлэлд ярихдаа Маскын илгээсэн машин агуйн нарийн түвэгтэй хонгилыг туулах боломжгүй, тиймээс тухайн компанийн пиар болоод өнгөрөх байсан гэжээ.

Харин Ням гарагт Маск твиттер хуудсандаа “Бид өөрийн шумбагч машинаар агуйг туулуулж үзүүлсэн видеог хийх болно. Уучлаарай ‘pedo guy’, чи энийг л хүсэж байгаа биз дээ” гэж бичсэн юм. “Pedo” нь “pedophile” буюу хүүхэд сонирхдог гаж донтныг нэрлэдэг үг ажээ.

Дараа нь Илон Маск уг бичсэн зүйлээ устгасан юм. Тесла компанийн дөрөв дэх том хувь эзэмшигчийн төлөөлөл Жэймс Андерсон түүний үйлдлийг “харамсмаар явдал” гэж хэвлэлд ярьж байв.

Ансворт өөрийг нь хүүхэд сонирхогч гэж доромжилсон Илон Маскыг шүүхэд өгөх боломжийг үгүйсгээгүй юм.

 

Эх сурвалж: Time.Com