Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Францын хөлбөмбөгийн шигшээ багийн бүх гишүүн Хүндэт Легионы одон зүүлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ багийнхан Даваа гарагийн өглөө Парист газарджээ.

Тэднийг францчууд Элисейн өргөн чөлөөнд баатрын ёсоор угтан авсан байна. Энэ үеэр Парисын тэнгэрт Францын төрийн далбааны хөх, цагаан, улаан өнгийг дүрсэлсэн утааг нисэх онгоцноос цацаж үзүүлжээ.

 

Улмаар ард түмэнтэйгээ мэндчилсний дараа шигшээ багийн бүх гишүүд Францын ерөнхийлөгчийн ордонд зочилсон юм. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Дэлхийн аваргын алтан цомыг 20 жилийн дараа эх орондоо авч ирсэн тамирчдаа угтан авсан байна.

Хүлээн авалтын үеэр Макрон үндэсний шигшээ багийн бүх тоглогч, дасгалжуулагчид тус улсын хамгийн өндөр дээд хүндлэл болох Хүндэт Легионы одонг гардуулах шийдвэрээ зарлажээ.

 

Францын ерөнхийлөгчийн ордны хүлээн авалтад нийтдээ 3,000 орчим хүн уригдсаны дотор хөлбөмбөгийн клубуудын гишүүн 1,000 хүүхэд багтсан байна. Тэдний дотор Килян Мбаппегийн гараагаа эхэлсэн Парисын захын Бонди клубын хүүхдүүд ч байжээ.

Өчигдөр бас Парисын метроны RATP компани зарим өртөөний нэрийг хөлбөмбөгчдийн нэрээр өөрчилж байгаагаа зарласан байна. Тухайлбал нэг өртөөг Виктор Хьюго Ллорис гэж нэрлэсэн нь багийн ахлагч, хаалгачийн нэр бол дасгалжуулагчийн нэрийг Дешам-Элисей гэж бас нэг өртөөнд өгсөн байна.

 

Эх сурвалж: BBC