Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Трамп нар 2016 оны АНУ-ын сонгуульд ОХУ нөлөөлснийг үгүйсгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Финландын нийслэл Хельсинк хотноо хаалттай хаалганы цаана хоёр цаг уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр орой хамтарсан мэдэгдэл хийлээ.

Мэдэгдлийн үеэр Трамп “Бидний харилцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд муудаад байсан ч дөрвөн цаг орчмын өмнөөс эрс өөрчлөгдлөө” гэж хэлжээ.

Түүнтэй зэрэгцэж зогссон Путин хоёр орны харилцаа хэцүү түвэгтэй үедээ байгааг хүлээн зөвшөөрч, уулзалтын үеэр сансрын зэвсэглэлээс эхлээд Сирийн хямралыг төгсгөл болгох хүртэл олон сэдвээр ярилцсанаа мэдээлсэн байна.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Кремлиэс нөлөөлсөн гэх асуудлыг Путин няцааж, Дональд Трамп түүнийг нь хүлээн зөвшөөрчээ.

“Ерөнхийлөгч Путин уг асуудлыг эрс, хатуу няцааж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Тэр Орос улс ингээгүйг батлан хэлсэн. Би ч гэсэн тэдэнд ингэх ямар нэг хэрэгцээ байгааг олж харахгүй байна” гэж Трамп хэлсэн юм.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын хууль зүйн яам сонгуульд нөлөөлөхийг оролдсон Оросын 12 тагнуулчийн нэрийг зарлаж, гэмт хэрэгт буруутгасан.

Гэтэл Трампын дээрх мэдэгдэл өөрийнх нь тагнуулын байгууллага, хоёр намын хууль тогтоогчид, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр суурьтай зөрчилдсөн хэрэг боллоо.

Трамп бас сонгуульд нөлөөлөх гэсэн Оросын явуулгыг шалгаж байгаа тусгай прокурор Роберт Мюллерын ажиллагааг “гамшиг” гэж нэрлэжээ.

“Энэ шалгалт бол манай улс оронд тохиосон гамшиг юм. Энэ биднийг хагаралдуулж, талцуулж байна. Ерөнхийлөгч Путин үүний цаана Орос улс байгаагүйг хэллээ. Би түүний үгэнд итгэж байна” хэмээн Трамп хэлсэн байна.

Харин Путин 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг ялаасай гэж хүсэж байснаа энэ үеэр хэлсэн боловч түүнд ямар нэг туслалцаа дэмжлэг үзүүлсэн эсэхийг нь асуухад хариулалгүй өнгөрсөн юм.

Эцэст нь Ираны цөмийн хэлэлцээрээс гарах Трампын бодлого санааг нь зовоож байгааг Путин хэлсэн байна.

“Манай хоёр орон бүх асуудлаар санал нийлэхгүй байгааг хэлмээр байна. Гэвч дэлхий нийт биднийг хамтраасай гэж хүсэж байна. Бид бол цөмийн зэвсэгтэй хамгийн том хоёр гүрэн. Бид нийт цөмийн зэвсгийн 90 хувийг эзэмшдэг. Гэтэл бид зөрчилтэй байгаа нь муу хэрэг” гэж Трамп ярьжээ.

Путин “Хоорондын харилцааны талаар, дэлхий нийтийн эмзэг асуудлуудын талаар бидний ярилцах цаг нь болсон” гэж хэлсэн байна.

Хоёр ерөнхийлөгчийн уулзалтад зөвхөн орчуулагч нар нь хамт байлцжээ. Дэлхийн удирдагч нарыг хүлээлгэх дуртай Путин энэ удаа Трамптай уулзах уулзалтад 45 минутын дараа ирсэн байна.

Уг нь түүний нисэх онгоц сааталгүй, төлөвлөсөн цагтаа Хельсинкид газардсан юм.

Хамтарсан мэдэгдлийн дараа АНУ-ын хэд хэдэн сенаторууд уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлцгээжээ. Аризонагийн сенатор, Бүгд Найрамдах намын гишүүн Жэф Флэйк “АНУ-ын ерөнхийлөгч, ОХУ-ын ерөнхийлөгчтэй зэрэгцэн зогсоод Америкийг буруутгасан мэдэгдэл хийх өдрийг үзнэ гэж би хэзээ ч бодож байсангүй. Ичгүүртэй явдал” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Мөн Небраскагийн сенатор, Трамптай нэг намын Бэн Сассе “Америк улс Оросын ард түмэнтэй сайн харилцаатай байх хүсэлтэй. Харин Владимир Путин болон түүний бүлэглэл Зөвлөлт маягийн түрэмгийлэл үйлдэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хамтарсан мэдэгдлийг шүүмжилжээ.

Хельсинк хотод мөн өчигдөр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон байна.

 

Эх сурвалж: AFP