Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнд-Аюуш: Айраг, махнаас шаардлага хангаагүй үзүүлэлт гарсан

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 7 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас баяр наадмын үеэр илэрсэн зөрчил дутагдлын талаар тодрууллаа.

-Энэ жил НМХГ-аас хэчнээн байцаагч хяналт, шалгалт хийсэн бэ?

-Баяр наадмын үеэр НМХГ-аас худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавьж ажилладаг. Үүний хүрээнд НМХГ-аас 350 байцаагч Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх таван цэгт байнгын хяналт шалгалт хийлээ.

-Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт явуулын лаборатори ажиллуулсан. Үүний давуу тал юу байв?

-Энэхүү хоёр лабораторийн хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн байгаа эсэхийг илрүүлж, мөн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

-Энэ жилийн баяр наадмаар нийт хэчнээн аж ахуйн нэгжид худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон бэ?

-Дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага хүсэлт гаргасны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан.

Нийт таван цэгт 610 худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгосон. Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 зөвшөөрлөөс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 350 бусад чиглэлээр 50, Хүй долоон худагт 160 хоол үйлдвэрлэлийн, 50 байршилд худалдаа үйлчилгээнд зөвшөөрөл олгосон.

-Чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн илэрсэн үү?

-Явуулын лабораторид шаардлага хангахгүй, сэжигтэй байж магадгүй гэж үзсэн айргийн 66 дээж, махны 35 дээжээс сорьц авч шинжлүүлсэн. Айрагнаас 31, махнаас долоон шаардлага хангаагүй үзүүлэлт гарсан. Нийт 78 кг мах хурааж устгуулсан.

-Нийтлэг зөрчил хэр их гарсан бэ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулсан уу?

-Баяр наадмын явцад нийт 320 зөрчил дутагдал илрүүлсэн. 250 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Ихэвчлэн хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хуушуур, өндөг, хорхог зарж байгааг илрүүлж арга хэмжээ авсан. Мөн зөвшөөрөлгүй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Торгох шийтгэл оногдуулаагүй.

-Хоолны хордлогын дуудлага ирсэн үү?

-Баяр наадмын үеэр манай НМХГ-т хоол хүнсээр дамжин хоолны хордлогод орсон гэх дуудлага ирээгүй.

-Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал зөрчил, дутагдал ямар байв?

-Манай ард иргэд баярлаж, наадахдаа ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг болсон гэдэг нь харагдаж байна.

Зураг