Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тоглолтын өмнө Франц, Хорватын шигшээ багууд твиттер сүлжээнд “дайралцав”

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Давор Шукер

Өнөөдрөөс 20 жилийн өмнө болсон ДАШТ-д Хорватын шигшээ баг Францын шигшээ багтай хагас шигшээ шатанд тоглож, хожигдсоноор дэлхийн аваргын алтан цомын төлөө тоглох боломжоо алдаж байв.

1990-ээд оны эхээр Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтноод байсан Хорватчууд 1998 оны Францын ДАШТ-д анх удаа оролцож байжээ.

Хорватын хөлбөмбөгийн алтан үеийнхэн гэгддэг Давор Шукер, Роберт Просинечки, Звонимир Бобан тэргүүтэй тус улсын шигшээ баг шөвгийн 8-ын шатанд Германыг 3:0 харьцаатай бут ниргэж, хагас шигшээд Францын шигшээтэй тоглож байв.

Тоглолтын анхны гоолыг Давор Шукер Францын хаалганд хийж, Хорватчууд хошуучилж эхэлсэн боловч ердөө нэг минутын дараа Лилиан Тюрам онооны харьцааг тэнцүүлж, улмаар хоёр дахь гоолыг мөн хийснээр тоглолт өндөрлөж байжээ.

Үүний дараа Хорватын шигшээ баг Нидерландын шигшээг буулгаж авснаар ДАШТ-ий хүрэл медалийг зүүж байсан юм.

20 жилийн өмнө Францын хамгаалагч Лилиан Тюрам Хорватын шигшээгийн дэлхийн цомыг өргөх боломжийг хааж байсан бол өнөөдөр тэд хариугаа авахаар Францын шигшээтэй финалд үлдээд байна.

Тэгвэл саяхан Хорватын хөлбөмбөгийн холбооны албан ёсны твиттер хуудас Францын талаас “Энэ удаагийн ДАШТ-ий шигшээ багт тань Лилиан Тюрам байхгүй биз дээ?” гэж асуужээ.

Харин Францын шигшээгийн твиттер хуудас хариуд нь “Хэрвээ танайх Давор Шукерыг талбайд гаргахгүй бол бид Лилианыг тоглуулахгүй байж чадна! Гэхдээ Лилиан Тюрамын оронд тоглох хүн маань бас гоол хийх чадвартай…” гэж бичээд хамгаалагч Павардын гоолын дараах зургийг хавсаргасан байна.

Ийнхүү 20 жилийн өмнөх тоглолтын хариу болох онц сонирхолтой тоглолт өнөөдөр орой Москва хотын Лужники стадионд болох гэж байна.

Эх сурвалж: Russia Today