Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: ГССҮТ, ЭХЭМҮТ, Халдвартын эмнэлэгт нисэх онгоцны зогсоол бий болгосон

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.

Энэ онд зургаан эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж байгаа юм. 

  1. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,
  2. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг,
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төв,
  4. Өргөө амаржих газар
  5. Хүрээ амаржих газар
  6. Амгалан амаржих газар зэрэг зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулна.

ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. Нийт 15,900 м.кв талбайд тохижилт хийж 5,900 м.кв талбайг шинээр тохижуулан, 2,500 м.кв ногоон байгууламж шинээр байгуулж, 2,260 м.кв явган хүний зам, 108 автомашины зогсоол мөн нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.

Тохижилтын ажилтай танилцах үеэрээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийслэл хотын удирдлагууд эрүүл мэндийн салбараа дэмжиж байгаагийн илрэл энэ юм. Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг сайжруулах төсвийг Эрүүл мэндийн яам гаргах боломжгүй. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг ажлыг хийнэ. Гадна тохижилтыг хийнэ гэдэг гэдэг нь ногоон байгууламж, салхилах талбай, гэрэлтүүлэг, хамгийн гол нь автомашины зогсоолыг шийдэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд гаднаа 100 машины зогсоолтой болох юм” гэлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хотыг цогцлоон бий болгоно гэсэн том зорилт бий. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зүгээс өнгөрсөн онд 4 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто машины зогсоол, бичил цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулсан. Стратегийн зорилтын хүрээнд ГССҮТ, ЭХЭМҮТ, Халдварт зэрэг томоохон эмнэлгүүдэд нисэх онгоцны зогсоол бий болгосон. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж иргэдийг ая тухтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх наймдугаар сард улсын комисс-д хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэж ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.