Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

C, E ангиллын жолооны үнэмлэхтэй залууст 1.5 -2 сая төгрөгийн цалинтай ажлын байр зарлагдлаа

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгуулав. 

Санамж бичгийн хүрээнд “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гишүүн 17 компанид уул уурхай, орон нутаг, хот хоорондын тээвэр, транзит болон зорчигч тээврийн чиглэлэээр эхний ээлжид 80 ажлын байр зарлагдаж байгаа бөгөөд тус ажлын байрны сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Залуучууд Хөгжлийн газартай хамтран зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ.

4-5 удаагийн сургалтыг зохион байгуулна. Үүнээс 80 залуусыг сонгож ажлын байрны боломжийг бүрдүүлнэ
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир "Залуучуудын дунд эерэг хандлагыг төлөвшүүлэх, тэднийг мөрөөдөлтэй, зорилготой байлгах, ажлын байран дээр тогтвортой хөдөлмөр эрхлэх зэрэг зорилгын хүрээнд 4-5 удаагийн сургалтыг зохион байгуулна. Үүнээс 80 залуусыг сонгож ажлын байрны боломжийг бүрдүүлнэ.

Манай залуучууд гадаадад хамгийн хүнд ажлыг хийх гэж явдаг. Энэ нь Монголын нийгэмд гэр бүл салалт, Монголдоо татвар төлөхгүй байх, орлогоо тэндээ зарцуулах гэх олон сөрөг үр дагавруудыг авчраад байна. Ажил олдохгүй, байхгүй гэж яриад байдаг. Олон ажлын байр байгаа, олж чадахгүй байна" гэлээ.

Есдүгээр сараас үйл ажиллагаа явагдаж эхлэнэ
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч С.Ганболд "Манай компани Олон Улсын Туршилтын Тээвэр хийж байсан. Энэ есдүгээр сараас үйл ажиллагаа явагдаж эхлэнэ. Тэгэхээр цаашид мөн адил залуучуудад ажлын байр гарч ирнэ. Үүнд хэлний мэдлэг, янз бүрийн гадаад орчны асуудал зэрэгт тэднийг бэлтгэх, боловсруулах шаардлага гарч ирэх болно" хэмээн ярилаа.

Тогтвортой ажиллавал 4 сая хүртэлх төгрөгийн цалин авах боломжтой
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга "Уул уурхайн тээвэрт ажиллах залуусын цалин хамгийн багадаа 1.5 сая-2 сая төгрөгөөс эхэлнэ. Тогтвортой ажиллавал 4 сая хүртэлх төгрөгийн цалин авах боломжтой болно.

Мөн бид хоол, байрлах газрын зардал зэргийг өгдөг. Дээрх дурдсан нь зөвхөн ажилчдын гар дээр ирэх үндсэн цалингийн хэмжээ юм" гэв.

Тавигдах шаардлага:

  • C,E ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Мэргэшсэн жолооч байх
  • 21-ээс дээш насны

Ажлын байранд бүртгүүлэхийг хүсвэл:

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын байранд буюу Нийслэлийн Засаг Захиргааны V-р байранд энэ сарын 16-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл 08:00-17:00 цагийн хооронд бүртгэх юм байна. 

Бүртгэлийн анкет татаж авах цахим хаяг: http://youth.ub.gov.mn