Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жиро Акама: Ямар ч гамшиг тохиолдсон байшин барилга нурахгүй байхаар тооцож бэлтгэл хийх ёстой

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN

Япон улсын Засгийн газар гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн ардыг байгалийн урьдчилан сэргийлэхэд мэдлэг өгөх зорилгоор гурван чиглэлээр ажилладаг байна. 

Азийн сайд нарын хурлын үеэр зарим улсын төлөөлөгчөөс гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлдэг талаар туршлагыг нь асуусан юм.

ЯПОН: Гамшиг тохиолдоход бэлтгэлтэй байх нь хамгийн чухал болохыг өмнөх туршлагаасаа мэдэж авсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсын Төрийн сайд Жиро Акама "2011 онд Япон улсын зүүн хойд бүс нутагт томоохон хэмжээний газар хөдлөлт болсон. Үүнээс үүдэн манай улсын Засгийн газар байгалийн гамшиг, газар хөдлөлт, цунами бусад гамшгууд хэзээ үүсэх нь тодорхойгүй учраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг нь маш чухал асуудал гэж дүгнэсэн. Аливаа байгалийн гамшиг тохиолдоход бэлтгэлтэй байх нь хамгийн чухал болохыг өмнөх туршлагаасаа мэдэж авсан. 

Тийм учраас ямар ч гамшиг тохиолдсон байшин барилга нурахгүй, гамшиг амсахгүйн тулд бэлтгэл ажлыг маш нарийн хийх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан. 

Япон улсын Засгийн газар гамшгаас урьдчилан сэргийлэх, хүн ардыг байгалийн урьдчилан сэргийлэхэд мэдлэг өгөх зорилгоор гурван чиглэлээр ажилладаг. 

Нэгдүгээрт, Иргэн өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн гамшгаас хамгаалах вэ гэдэг чиглэлээр мэдээлэл өгдөг. 
Хоёрдугаарт, Оршин суугаа газар, бүс нутгийнхаа хүрээнд гамшиг тохиолдвол яаж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл өгнө.
Гуравдугаарт, Улсаас гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийх вэ гэдгийг тодорхойлдог" гэв.

ЭНЭТХЭГ: Гамшгийн эрсдэлээс хамгаалахад ямар туршлагыг бага зардлаар хэрэгжүүлж болох вэ гэдгийг судалж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

БНЭУ-ын Дотоод хэргийн төрийн сайд Шри Кирен Рижижү "Улаанбаатарт зохион байгуулагдаж буй Азийн сайд нарын хурал  хоёр жилийн өмнө Энэтхэгт болсон. Хоёр жилийн өмнө уулзахдаа бидний ярьж байсан асуудлуудаас нэлээд нь хэрэгжих боломжтой гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдаж, өнөөдөр бид тэдгээр асуудлуудаа хэлэлцэж байна. 

Хамгийн гол нь энд ирсэн улс орнууд бүгдээрээ туршлагаа солилцоод, аливаа гамшгийн эрсдэлээс хамгаалахад ямар туршлагыг илүү бага зардлаар хэрэгжүүлж болох вэ гэдгийг судалж байна. 

Дараагийн Азийн сайд нарын бага хурал Австралид зохион байгуулагдана. Энэ хурлаар юуг гол асуудлаа болгож хэлэлцэх, юун дээр төвлөрч, зорилгоо болгох юм бэ гэдгийг өнөөдөр энд зохион байгулагдаж байгаа хурлын үр дүнгээс харна гэдэгтээ итгэлтэй байна. 

Энэтхэгт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр маш олон арга хэмжээ авч, хэрэгжүүлдэг. Энэ нь богино хугацаанд үр дүнгээ өгч байсан учраас сонгогдож 2016 онд сад нарын хурлыг зохион байгуулсан. Харин монголын хувьд гамшгийн эрсдэлийн бууруулах арга хэмжээг хурдан авч байгаа, үйл ажиллагааны хэргжилт сайн байгаа учраас энэ удаагийн хурлыг зохион байгуулж байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.

СОЛОНГОС: Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аппликейшн  хэрэглэж байгаа нь сайн туршлага болж байна
 

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Шим Бо Кюн "Солонгост жил бүр байгалийн гамшиг тохиолддог. Тийм учраас Засгийн газар болон орон нутгийн засаг захирагааны байгууллагууд бэлтгэлтэй байдаг. Ингэхдээ иргэдийн оролцоог хангахыг чухачилдаг. 

Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед сайн туршлага болоод байгаа арга нь дэвшилтэт технологийн хөгжилд нийцсэн аппликейшн болоод байна. Хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа хоёр төрлийн аппликейшн байгаа. Эхнийх нь "Emergency ready" гэдэг нэртэй гэнэтийн гамтшиг бэлэн байхад иргэдийг сургах, мэдлэг мэдээлэл өгөх зорилготой бөгөөд одоогоор 3 сая орчим удаа татан авалт хийгдсэн байна. Мөн "E safety report" нэртэй аппликейшн бий. Тэр нь гамшиг болоход хамгийн түрүүнд юу хийх ёстой, хаана хэнд мэдээлэх ёстой талаар мэдээллийг агуулсан. Энэ аппликейшнээр дамжуулан 550,000 гаруй иргэн гамшиг, ослын талаар мэдээлэл өгсөн байгаа" гэлээ.