Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мессенжэрт тарсан цуурхлын улмаас Энэтхэгт өнгөрсөн онд 30 хүн “ард түмний шүүхээр” шийтгүүлэн алагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын эрх баригчид WhatsApp мессенжэрээр тарсан цуурхлаас үүдэлтэй Линчийн шүүхийн аллагыг зогсоохын тулд тэмцэж байна.

Өнгөрсөн хэдхэн өдрийн дотор найман гэмгүй хүнийг хүүхэд хулгайлагч гэж сэжиглэсэн иргэд гудамжинд мод чулуугаар зодож хөнөөгөөд байгаа юм.

Өнгөрсөн онд ийм аллагын тоо Энэтхэг даяар хамгийн багадаа 30 хүрсэн байна. WhatsApp мессенжэр сүүлийн байдлаар тус улсын зах зээлд 200 гаруй сая хэрэглэгчтэй болоод байгаа.

Уг сүлжээгээр тарсан хүүхэд хулгайлагчдын видео дүрснээс мэдээлэл авч, болгоомжилсон иргэд ийнхүү хардсан хүмүүсээ хуулиас гадуур хөнөөдөг болоод байна.

Хамгийн сүүлд өнгөрсөн Ням гарагийн өглөө Махараштра мужийн алслагдсан тосгоны иргэд таван хүнийг хүүхэд хулгайлагч гэж сэжиглэсний улмаас зодож хөнөөжээ. Хэлмэгдсэн хүмүүс тухайн өдөр тосгоноор дайрахдаа автобуснаасаа бууж, гудамжинд явсан охинтой ярилцаж байхад нь хүүхэд, томчууд нийлсэн 35 хүн тэдэн рүү бүслэн дайрч, зодсон байна.

Улмаар аллагыг зогсоох гэсэн цагдаа нар руу иргэд дайрснаас дөрвөн албан хаагч гэмтэж бэртжээ.

Цуурхалд ашиглагдсан видео дүрс нь Пакистаны нэгэн хүүхэд хамгаалах байгууллагын сурталчилгаа байсан юм. Гудамжинд тоглож байгаа хүүг авч явсан мотоцикльтэй хоёр хүн удалгүй эргэж ирээд хүүхдийг буулгаж байгаа нь уг дүрсэнд харагддаг ба ингэж хүүхдээ хараа хяналттай байлгахыг эцэг эхчүүдэд анхааруулдаг ажээ.

Гэтэл уг дүрсний сүүлийн хэсгийг хассан хувилбарыг жинхэнэ хүүхэд хулгайлагчид гэж тарааснаас ийм олон аллага гарахад хүрсэн байна.

Сүүлийн дөрвөн жилд Энэтхэгийн WhatsApp хэрэглэгчид бараг гурав дахин нэмэгдэж, ухаалаг гар утас, дата хэрэглээний үнэ хямдарсан нь цуурхал тарах замыг улам засаж өгсөн юм.

Одоо Энэтхэгийн эрх баригчид WhatsApp-ийг эзэмшигч Фэйсбүүк компанитай хамтран хуурамч мэдээллийг ялгадаг, таньдаг болох аргыг хэрхэн нэвтрүүлэх тухай хэлэлцэж байна.

Гэхдээ ийм сайжралт нэвтрэх хүртэл дахин хэдэн хүний амь хэлмэгдэхийг хэн ч хэлж чадахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian