Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Филиппиний сагсчид Австралийн багийг үзэгчидтэйгээ нийлж зоджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо Булаканд болсон Австрали, Филиппиний багуудын тоглолтын үеэр томоохон зодоон гарч, нийтдээ 13 тоглогч хасагдсан байна.

Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо FIBA зодолдсон багуудын эсрэг сахилгын арга хэмжээ авахаар ажиллаж эхэлсэн бөгөөд шийдвэр нь ойрын өдрүүдэд зарлагдах гэнэ.

Тоглолтын гуравдугаар үе дуусахад 4 минут дутуу байхад Австраличууд Филиппиний багийг 79-48 харьцаатай хожиж байжээ. Энэ үед Филиппиний Рожер Погои Австралийн Крис Гоулдингийг тохойгоороо цохисноос зодоон эхэлсэн байна.

Улмаар бусад тоглогчид зодоонд оролцож, танхимд суусан үзэгчид нэмэгдэн оролцжээ. Шүүгч нар яаж ч чадалгүй, зодоон дуусахыг хүлээж зогсоход хүрсэн байна. Үзэгчдийн суудлаас Австралийн тоглогч руу сандал шидсэн тохиолдол ч гарчээ.

Зодооныг зогсооход 30 минутын хугацаа шаардагдсан ба хачирхалтай нь үүний дараа Филиппиний багийнхан бөөндөө зогсоод сэлфи хийж байсан гэнэ.

Улмаар шүүгч нар видео бичлэгийг нягталж шалгаад Австралийн дөрөв, Филиппиний есөн тоглогчийг тэмцээнээс хассан байна.

Тоглолт дахин үргэлжлэхэд Филиппиний багаас ердөө гурван тоглогч талбайд үлджээ. Харин Австралийн баг найман тоглогчтой үлдсэн тул талбайд таван хүн гаргаж чадсан байна.

Гэвч Филиппиний нэг тоглогч алдаа гаргаснаар хасагдаж, хоёрхон тоглогчтой үлдсэн тул Австраличууд 89-53 харьцаагаар хожжээ.

Өнөөдөр Австралийн баг хэвлэлийн хурал зохион байгуулж, болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Филиппиний багийн дасгалжуулагч зодоон Австралийн талын өдөөн хатгалтаар эхэлсэн гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post