Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай охин тогтой шонд хүрч ГССҮТ-д хүргэгджээ

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 настай “Т” гэх охин тогтой утсанд хүрч биед нь гэмтэл учирчээ. Одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн М.Мөнхшүр ”Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Урьдчилсан байдлаар "охин гэр бүлийнхэнтэйгээ явж байсан, гэнэт ганцаараа гүйж цахилгаан үүссэн шалбархай утсанд хүрч унасан” гэдэг ерөнхий дүгнэлт гаргаад байна. 

Охины биеийн байдал анх хүргэгдэж ирсэнээсээ сайжирсан ч цаашид ямар сөрөг өөрчлөлт гарч ирэхийг тогтоогоогүй байна. 

Хэргийн газрыг шинжлэх, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Шинжээчийн албан ёсны дүгнэлт гараагүй" гэлээ.

Цагдаагийн ерөнхий газраас эцэг эхчүүдэд үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.  
"Цаашид аюулгүй байдлыг хангах чиглэлээр сайтар анхаарч, шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн ажилтан С.Отгонсүрэнгээс энэ талаар тодруулахад, "2018 зургаадугаар сарын 30-ны оройн 21:00 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ээжийн хамт явж байсан охин тойрог зам дагуу байрлалтай гэрлийн шонд хүрэхэд цахилгаан гүйдэл гүйж ухаан алдаж унасан.

Тухайн үед түүгээр явж байсан иргэн анхны тусламж үзүүлж, Greenbike дугуйн үйлчилгээний ажилтан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харуулын ажилтнууд мэдээллийг шуурхай дамжуулж түргэн тусламж дуудсан.

Тэр даруй нь мөн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас албаны хүмүүс ирж хэмжилт шалгалт хийсэн бөгөөд тухайн гэрлийн шон нь гэрэл хэвийн асч байсан ч дотор талд  нэг утас нь гэмтсэнээс цахилгаан гүйсэн юм байна лээ. Инженерүүд цахилгааны хэмжилт хийхэд 110 вольт зааж байсан. Гэрлийн шонд ил харагдах утас, шалбархай байгаагүй.

Эдгээр гэрэл 2012 онд ашиглалтад орсон. Элэгдэлд орох болон бороо ус, халалт зэрэг хүчин зүйлээс болж масс үүсдэг гэж мэргэжлийн хүмүүс тайлбарласан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ил задгай кабелийн утсыг далдлах, бетондох, гэрлийн шонгуудыг шалгах арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тойрог дагуух 300 орчим гэрлийг шалгах явцад дээрх осол болсон.

Яаралтайгаар бүх гэрлээ шалгаж дуусаад байна. 300 орчим гэрлээс ганцхан тэр шонд ийм асуудал үүссэн байсан.

Охины биеийн байдал хэвийн байгаа. Бид ээжтэй нь утсаар холбогдож, очиж уулзсан. 

Цаашид аюулгүй байдлыг хангах чиглэлээр сайтар анхаарч, шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно" гэлээ.