Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн"

ikon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өчигдөр болжээ.

Хурлаас гарсан шийдвэр, дүрэм, журамд оруулж буй өөрчлөлт, үүнээс боловсролын салбарт гарах үр дүнгийн талаар БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал Ж.Ариунболдоос тодрууллаа.

-БМИҮЗ-ийн хурлаас ямар шийдвэр гарсан бэ? Боловсролын салбарт магадлан итгэмжлэлийн асуудлаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?

- Чанартай, сайн менежмент бүхий тэгш хүртээмжтэй дээд боловсролын тогтолцоог Монгол улсад бий болгох их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорилтын хүрээнд Магадлан итгэмжлэх үйл явцын зохицуулалт, үр нөлөө, энэ ажлыг эрхлэх байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгох, олон улсад нийтлэг мөрдөж буй хэм хэмжээнд нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл бүрдүүлэх нь чухал байна.

Магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ өгч буй байгууллагуудыг шинэ шаардлага, шалгуур журмын дагуу үнэлнэ.

2014 оноос хойш зогсоод байсан ажлуудын үр дүнг нэгтгэж, боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдлээ. Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Өмнө нь байгууллагын магадлан итгэмжлэлийн хуучин журам болон гадны байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу түр журмаар ажиллаж байсан бол цаашид баталгаажсан дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулна. Ингэснээр их, дээд сургуулиудын чанар сайжрах, цаашлаад нийгэмд сайн боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны эхлэл суурь тавигдлаа гэж хэлж болно. Магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ өгч буй байгууллагуудыг шинэ шаардлага, шалгуур журмын дагуу үнэлнэ.

-Монгол Улсын боловсролын магадлан итгэмжлэл олон улсын шаардлагад нийцдэг үү?

- БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн өгсөн үүрэг, даалгаварын хүрээнд 2020 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоор ажиллаж байна. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэлийн толгой гурван томоохон байгууллагын жинхэнэ гишүүн болох зорилт тавьсан. Энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болохоор ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байна. Сайн хөтөлбөртэй болсноор байгууллагын үйл ажиллагаа сайжирч, боловсролын чанар дээшилнэ.

-Монгол Улсын хэмжээнд хэдэн их, дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн байдаг вэ? Өмнө нь магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд шинэ дүрэм, журмаар дахин магадлуулах шаардлагатай болж байна уу?

- Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн. Үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна.

Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Манай улсад давхардсан тоогоор 1,500 орчим хөтөлбөр байгаа бөгөөд 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн. Тиймээс их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэлд хамрагдаж, чанараа баталгаажуулан олон улсад үнэлүүлснээр боловсролын салбар, цаашлаад хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн ур чадварын нийцэл  дээшилнэ гэж харж байна.

 БМИҮЗ-өөс дээд боловсролын сургалтын  байгууллага,  хөтөлбөрийг  магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг  бүрэн хангасан тохиолдолд таван жилийн хугацаатай, тодорхой шаардлагыг хэсэгчлэн хангасан тохиолдолд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг. 1998-2004 он хүртэл анхны  магадлан итгэмжлэл хийгдэж байсан бол 2004 оноос 2 дахь шатны магадлан итгэмжлэл 10 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Ингээд гурав дахь  түвшний магадлан итгэмжлэл авсан байгууллагын хүчинтэй хугацаа 2018-2023 он хүртэл байх боломжтой болно. 

 

Эх сурвалж: БСШУСЯ