Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос Япон руу чиглэсэн экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 124% өсжээ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд цөөнгүй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Япон руу татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гарсан. Тиймээс цаашид экспортлохыг хүсэгчдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх “Монголын бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар өнөөдөр боллоо.

"Монгол-Японы экспортыг Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн давамгайлж байна"

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч, УЗ-ийн дарга Б.Лхагважав "Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700, Японы талаар 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүн харилцан импортын гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлөгдөж байгаа. 2018 оны зургаадугаар сарын байдлаар МҮХАҮТ нь нийт 16 салбарын бараанд 1,050 гарал үүслийн гэрчилгээг 40 орчим ААН-үүдэд олгоод байна. 

Үүнийг салбараар нь авч үзвэл:

  • 30 хувийг ноос ноолуур, хувцасны төрлийн бүтээгдэхүүнд,
  • 10 орчим хувийг нь адууны хөлдөөсөн мах болон дайвар бүтээгдэхүүнд олгосон байна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд давамгайлж байгаа. Монгол Улсаас Япон руу экспортолсон барааны нийт төрөл, тоо хэмжээнээс харахад жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд хөдөө, аж ахуйн гаралтай түүхий эд, экологийн цэвэр түүхий эдийн нөөцийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж байна.

Монголын бизнес эрхлэгчид, ялангуяа ЖДҮ-үүд Япон улс руу хөнгөлөлттэй үнээр экспортлох бараа бүтээгдэхүүний нийт төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Үүнд, хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүн, эсгийн шаахай, чацарганын зарим нэг төрлийн бүтээгдэхүүн, арьсан бүтээгдэхүүн зэрэг орж байна. 

Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 152 сая ам.доллар байна. Энэ нь 2017 оноос 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Хоёр улсын гадаад худалдаанд эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч, цаашид хэлэлцээрийн ач холбогдлыг улам нэмэгдүүлэх нь бидний хамтын ажиллагаанд маш чухал юм.

Түүнчлэн, Япон улс руу бараа бүтээгдэхүүнээ гаргахад бизнес эрхлэгчдэд зөвхөн татварын асуудал тулгардаггүй. Чанартай Японы хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бараа бүтээгдэхүүн байх нь чухал юм" гэв.

Хэлэлцээр батлагдсанаас хойш сар бүрийн экспортын хэмжээ тууштай өсөж байгаа

Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Масато Такаока "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад хоёр жил болж байна. Энэхүү хэлэлцээр нь Япон, Монголын харилцааг ямар чухал болохыг илэрхийлэх маш том бэлгэ тэмдэг юм.

2017 онд Японоос Монгол руу чиглэсэн экспортын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 35 хувиар өссөн байна. Мөн 2017 онд Монголоос Япон руу чиглэсэн экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 124 хувь өсжээ. Хэлэлцээр батлагдсанаас хойш сар бүрийн экспортын хэмжээ тууштай өсөж байгаа.

Ялангуяа ноолуур, хонины ноос гэх мэт нэхмэл бүтээгдэхүүний экспортын өсөлт тодорхой байгаа. Мөн бяслаг, арьс, амьтны гаралтай бүтээгдэхүүн, чацарганын экспорт нэмэгдэж байна. Энэ өсөлт зөвхөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн биш юм. Бизнес эрхлэгчдийн туршлага ч мөн хамаатай.

Монгол Улс энэхүү эдийн засгийн хэлэлцээрээс туршлага хуримтлуулж, бусад улс оронтой хэлэлцээр байгуулахад үр дүнтэй гэж бодож байна.

Мөн бизнес эрхлэгчид гадны улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохдоо юун түрүүнд тухайн зах зээлийг сайн судлах хэрэгтэй. Барааны үнэ, чанар маш чухал" гэв.

МҮХАҮТ, Монгол Улс дахь Японы ЭСЯ хамтран зохион байгуулсан энэхүү семинарын зорилго нь Япон руу экспортлох Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлэх, экспортыг дэмжихэд оршиж буй юм. Тиймээс ч бизнес эрхлэгчдэд энэ чиглэлийн зөвлөгөө, мэдээллийг өгч байна.