Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайдын эхнэр $100,000-аар хоол захиалсан хэрэгт буруутгагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн эхнэр Сара Нетаньяху төсвийн мөнгө завшсан, олны итгэлийг эвдсэн хэрэгт буруутгагдаж байгааг тус улсын хууль зүйн яам өчигдөр зарлажээ.

Тэрээр 2010-2013 оны хооронд ерөнхий сайдын амьдардаг төрийн хамгаалалттай өргөөнд үнэтэй ресторануудаас нийтдээ $100,000 орчмоор хоол захиалан хүргүүлж байсан гэнэ. 

Хууль ёсоор ерөнхий сайдын өргөөнд тусгай тогооч ажилладаг тул гаднаас хоол захиалах хориотой байдаг. Сара бас энэхүү зардлаа төсвөөс гаргуулж, зориулалтыг нь нуун далдлах хуйвалдааныг өргөөний албан хаагчидтай хийсэн нь илэрчээ.

Хууль зүйн яамны мэдэгдэлд “төсвийн хөрөнгийг зориулалтын бус зардалд хулгайгаар зарцуулсан” гэж тайлбарасан байна.

Хэрвээ Сара Нетаньяхугийн буруутайг шүүх тогтоовол дээд тал нь таван жил шоронд хорих шийтгэлтэй. Гэхдээ ийм зүйл болох магадлал бага гэнэ.

Ерөнхий сайдын гэргийд тулгасан хэргийг өмгөөлөгч нь ”худлаа, зохиомол хэрэг” гээд “зөвхөн худал мэдээлэл, гуйвуулсан баримт дээр суурилсан төдийгүй ерөнхий сайд Нетаньяхугийн нэр хүндийг унагах гэсэн явууллага” гэж хариу тайлбар хийжээ.

Сара Нетаньяхугийн төсвийн өмч хөрөнгө идэж шамшигдуулсан хэргийг олон жилийн өмнөөс шалгаж байгаа юм. Ерөнхий сайд ч өөрөө хэд хэдэн авлигын хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Зөвхөн нэг тохиолдолд Нетаньяхугийн гэр бүл ажлыг нь бүтээж өгснийхөө хариуд баян бизнесмэнүүдээс 1 сая шекелийн ($276,000) үнэ бүхий сигар тамхи, шампань дарс, үнэт эдлэл авсанд сэжиглэгдэж байна.

59 настай, сэтгэл зүйч мэргэжилтэй Сара Нетаньяху задгай замбараагүй хэрэглээгээрээ байнга хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байдаг юм.

 

Эх сурвалж: The Guardian