Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп тусгаарлагдсан хүүхдүүдийг эцэг эхтэй нь нийлүүлэх даалгавар өгч, тэргүүн хатагтайн хувцас маргаан дэгдээв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-Мексикийн хилээр нэвтэрсэн Төв Америкийн хууль бус цагаачдын хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлан хорих журмыг Трампын засаг захиргаа хэрэгжүүлж байсан нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байв.

Хамгийн бага нь ой хүрээгүй нялх хүүхдүүдийн эцэг эхээ нэхэн уйлж байгаа дуу чимээ, торны цаана хоригдсон хүүхдүүдийн зураг хэвлэл, сошиал орчинд тарж, дэлхийн улс орнуудын удирдагчид, Ромын пап лам, экс тэргүүн хатагтай нар, бизнесийнхэн, Америкийн жирийн иргэд хүүхдүүдийг гэр бүлтэй нь нийлүүлэхээр тэмцэж эхэлсэн юм.

Тэгвэл Дональд Трамп энэхүү хүмүүнлэг бус журмаа олны шахалтаар түдгэлзүүлж, хүүхдүүдийг эцэг эхтэй нь нийлүүлэх даалгаврыг холбогдох байгууллагуудад өгснөө өчигдөр зарласан байна.

Үүний дараа АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Техас муж дахь цагаачдын хүүхдүүдийг тусгаарлан хорьж байгаа төвд очиж, байдалтай танилцахаар өчигдөр Вашингтоноос ниссэн юм.

Гэвч түүний уг аялалд гарахдаа өмссөн “I really don’t care, do u?” гэсэн бичигтэй хүрэм дахин маргаан дэгдээжээ. Хүрэмний ар талд томоор бичигдсэн энэ өгүүлбэр тэргүүн хатагтайн үзэл бодлын илэрхийлэл үү? Тийм бол хэнд хаяглагдсан бэ? гэсэн мэтгэлцээн сошиал орчин, хэвлэлд өрнөж эхэлсэн байна.

Уг хүрмийг Zara брэндийн $39-ийн үнэтэй бүтээгдэхүүн болохыг зарим хэвлэлүүд тогтоожээ. Хүүхдүүдийг тусгаарласан асуудлаас болоод хэвлэл мэдээллийнхэнд балбуулж байгаа Цагаан ордныхон тэргүүн хатагтайн хувцаслалтыг тайлбарлах бас нэг ажилтай болсон байна.

Тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч Стефани Грисхэм “Үүнд ямар ч нууц агуулга байхгүй. Зүгээр л нэг хүрэм. Өнөөдрийн Техаст хийж байгаа чухал айлчлалын дараа хэвлэлүүд тэргүүн хатагтайн хувцаснаас анхаарлаа холдуулах байх гэж найдаж байна” хэмээн ярьсан юм.

Техаст онгоцноос буухдаа Меланиа Трамп хэл ам дагуулсан хүрмээ сольсон байжээ.

 

Эх сурвалж: Reuters