Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Коммунист үзэлтэй Америк цэрэг армиас хөөгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагч Спенсер Рапонег коммунист үзлээ удаа дараа ил гаргасны төлөө өнгөрсөн Даваа гарагт армиас хөөх шийдвэр гаргажээ.

Тэрээр 2016 оны хавар АНУ-ын Уэст Поинт цэргийн академийг төгссөн бөгөөд төгсөлтийн баярын үеэрээ Аргентины хувьсгалч Че Геварын дүрстэй цамц дүрэмт хувцсан дотуураа өмссөнийг харуулсан зураг авхуулж байжээ. Бас малгайн дотроо “Коммунизм ялна!” гэсэн бичиг бичиж, коммунист тэмцлийн ёсолгоо үйлдэж байгаа зургаа авхуулж байв.

 

Рапонегийн зургууд өнгөрсөн онд онлайн сүлжээнд тарж, маргаан дэгдээж байжээ.

Үүний дараа мөрдлөг явуулахад түүний сошиал хуудсанд коммунизмыг магтан сайшаасан, дээд албаны офицеруудаа муулсан агуулгатай мэдээллүүд олноор илэрсэн тул армиас хөөх арга хэмжээ авсан байна.

26 настай Рапоне цэргийн академид элсэхээсээ өмнө Афганистанд цэргийн алба хаасан бөгөөд тэр үед коммунизмын үзэл онолд анх итгэх болсон гэж өөрөө ярьжээ.

Дараа нь Уэст Поинтод суралцах үеэрээ түүхийн хичээлээс коммунизмын тухай улам их мэдээлэл авч, үзэл бодол нь батажсан байна. Даваа гарагт тэр армиас хөөгдсөн тухай мэдээлэхдээ дунд хуруугаа гозойлгосон өөрийн зургийг “Сүүлчийн ёсолгоо” гэсэн тайлбартайгаар сошиал хуудсандаа үлдээжээ.

Рапоне “Би өөрийгөө хувьсгалч, социалист хүн гэж тооцдог болсон. Бид энэ дэлхийн хамгийн ядуу улс орныг (Афганистан) дээрэлхэж байна. Бид дэлхийн хамгийн хүчирхэг армитай мөртлөө АНУ-ын эсрэг юу ч хийж чадахгүй улс орныг эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядах ямар хэрэгтэй гэж” хэмээн ярьсан байна.

Тэрээр ирэх сард Чикагод болох социалистуудын хуралд үг хэлэхээр болжээ. “Миний цэргийн карьер дуусч байгаа нь тодорхой. Гэхдээ намайг дэмжиж байгаа маш олон хүн байна. Цэргийн алба хаасан, одоо хааж байгаа олон хүн надтай адилхан бодолтой байгаа” гэж Рапоне ярьсан байна.

 

Эх сурвалж: Associated Press