Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбооны 28 улсын 500 сая хүнд бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээлттэй

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өөрийн улсад өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд Европын Холбооны 28 улсад ямар ч татваргүй экспортлох GSP+ худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системийг ашиглах боломжийг дэлхийн есхөн оронд олгосны нэг нь Монгол Улс.

Европын Холбоотой 2013 онд үзэглэсэн Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2017 оны арваннэгдүгээр сард гишүүн 28 орон соёрхон баталснаар уг бичиг баримт хүчин төгөлдөр болжээ. 

Энэ хүрээнд Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой Европын Холбооны Монголын худалдааг дэмжих төсөл (ТРАМ), МҮХАҮТ хамтран Европын Холбооны худалдааны өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Франц, Герман, Английн Худалдааны танхимын төлөөлөл болон ТРАМ төслийн багийнхан, Монголын бизнес эрхлэгчид оролцсон юм.  

Манай улс болон Европын Холбооны дипломат харилцаа 28 жилийн түүхтэй ч худалдааны хувьд 2005 оноос эрчимжиж буй аж.

2016 онд Европын холбоонд 67 сая еврогийн бүтээгдэхүүн экспортолсны 40 гаруй хувийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн эзэлжээ. Харин 2017 онд Европын холбоотой 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсний 720 орчим сая ам.долларыг экспорт эзэлж байна. Энэ нь манай улсын нийт гадаад худалдааны 11 хувийг эзэлж байгаа буюу БНХАУ, ОХУ-ын дараа орж байгааг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд онцолсон. 

Манай улс Европын Холбооны 28 улсаас 19 оронд нь GSP+ ашиглан бүтээгдэхүүнээ экспортолж, 2017 онд 687 мянган ам.долларын татварын хөнгөлөлт эдэлжээ. Тиймээс цаашид экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээг нэмэх бүрэн боломж байгааг тэрбээр нэмж хэлэв.   

Монгол Улс хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гаралтай, органик бүтээгдэхүүн экспортлох боломж ихтэй ч европын хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн чанарын стандартыг хангаж чадахгүй, органик гэдгээ тодорхойлох лабораторигүйн зовлон бий. Энэ ялгааг арилгаж, стандартын шаардлагыг хангах үүднээс Европын Холбоо ТРАМ төслийн өмнө Монгол Улсын стандартыг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлсэн. 

Энэ төслийн үр дүнд Европын стандартад Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийцэхэд дөхөм болсон. Харин ТРАМ төслөөр Монгол Улсын бүтээгдэхүүнүүдийг экспортлох ажлыг дэмжиж, GSP+ системийг яаж ашиглах вэ гэдэгт анхаарч ажиллана гэдгээ Европын Холбооны Элчин сайд Траян Христеа хэлсэн. Тэрбээр “Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээс гадна ажил хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангах, шинээр ажлын байр бий болгоход анхаарна. 

Энэ удаагийн төсөл маань жижиг, дунд бизнес эрхэлж байгаа, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудад үр ашигтай төсөл байгаа. Ингэснээр экспортод гарах бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэж, чанар сайжирна гэдэгт итгэж байна” гэлээ.

Өдөрлөгийн фото зургуудаас:

 
 
 
 
 
 
 
 
 
 
ТРАМ төсөл нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд таван сая евро буюу 15 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй. Одоогоор манай улс 10-аад нэр  төрлийн бүтээгдэхүүн экспортолж байгаагийн дийлэнх хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж байна.  Мөн өлөн гэдэс, самнасан ноолуур, монгол гэр, гэрийн тавилга, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн экспортолжээ. Харин “Монос”, “Эрдэнэт хивс”, Mongol textile, Говь компани хэдийнээ экспортолж эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. 

“Цаашид GSP+ системийг 100 хувь ашиглаж экспортод гаргах чиглэлээр компаниуд эрчимтэй ажиллаж байгаа” хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ярилаа. Тэрбээр өмнөх төслийн үр дүнд Хятад, Оросын стандартуудыг орчуулах замаар явж ирсэн манай улс олон улсын болон Европын стандартыг хөрсөндөө буулгаж эхэлсэн бөгөөд хууль эрх зүйгээ боловсронгуй болгоод явж байгааг онцолсон. 

Бүтээгдэхүүнээ экспортлогчид өөрсдөө бараагаа мэдүүлж, бүртгүүлдэг шинэ систем нэвтрүүлснийг Европын Холбооны худалдааны өдрүүдээр танилцуулахаар зэхжээ.
 
Мөн бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар хил гаалиар татваргүй нэвтрүүлэх АТА карнет олон улсын баримт бичигт МҮХАҮТ нэгдэж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээж, экспортын замын зургийг гаргаснаа ч танилцууллаа.

Хэрэв манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Европ чанарын стандарт, хэрэглэгчдийн хүсэлтэд нийцүүлэн үйлдвэрлэж чадвал бизнесийн том, жижгээс үл хамааран 500 сая хэрэглэгчтэй зах зээлд гарах үүд хаалга нээлттэй байгааг ТРАМ төслийн Хувийн хэвшлийн хөгжлийн ахлах зөвлөх Тоби Филпотт онцолж байв.